ХЭН? ЮУ? ХЭЛЭВ

АХ НЬ ДҮҮГЭЭ ДУУРАЙДАГГҮЙ
Та бид нэгэн шинэ номыг уншлаа.Шинэ ном гэдэг шинэ танил гэсэн үг. Шинэ номноос шинэ танилын ааш араншин, сэтгэл санаа, намба төрх, үзэл бодол мэдэгдэх учиртай. Бас талын зэрэглээ, айргийн амт, аргалын утаа, адуу тургилах, ангир гунганах дуулддаг.
Миний хувьд “Алтан овоо мину” номын эзэн Д.Бор нилээд эртний танил.
Найрагчид хамгийн сайн шүлгээ бичиж, хөгжмийн зохиолчид хамгийн сайхан дуугаа туурвиж, улс орон хот, хөдөөгүй ажлын их эрч, урам зоригоор цээж дүүрэн амьсгалж байсан 60,70-аад оны залуусын сор нь Дарьзавын Бор байлаа. Эрдэм боловсролтой, тод сонин араншинтай, элдэвтэй эр.Дуулна, гитардана,бөмбөг тоглоно, барилдана,уралдахаас ч дутахгүй, зодолдохоос ч буцахгүй.
80-аад онд тэр гэнэт Монголын Залуучуудын байгууллагын удирдагчдын нэг болсон.”Хүний сэтгэлийг хөгжим гэвэл бид түүнийг хөглөх учиртай.Хүмүүжилгүй, амьдралд хөлөө олоогүй залуу хүн гэдэг хөггүй хөгжим гэсэн үг” гэж “семинардаж” байсан нь өнөөдрийг хүртэл мартагдаагүй байна.
Эрэгмгий дайчин, шулуун шударга Бор тантай энэ номын хуудас бүхэнтэй тааралдана.
Мөрөөдөл дүүрэн насны маань сайн нөхөр О.Дашбалбар Бор ахаа их ч хүндэтгэдэг, ахаараа ч их бахархдаг байж билээ.”Манайхнаас ах бид хоёр л Зөвлөлтөд дээд сургууль төгссөн”. “Манай ах ч гитардаж дуулна гэж үзүүлээд өгнө шүү дээ. Би дэргэд нь дуураймал” гэнэ. “Чи Бор ахын яагаад гэнэт халагдсаныг мэдэх үү. Төв хороо, Засгийн газрын томчуудад лекц уншсан чинь нөгөөдүүл нь эвлэл муу ажиллаж байна, хойноос олон оюутан хөөгдлөө гээд л авч гарсан юм байх. Манай хүн шулуухан юм чинь. Номоороо явсан малчин, ажилчны хүүхдүүд хөөгдөж ирдэггүй юм. Тэр буцаж ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь та нарын хүүхдүүд гэсэн байгаа юм даа.Мундаг байгаа биз” гэж дэвэх нь холгүй хөөрнө. “Манай ах ч авьяастай шүү. Даанч шүлэг бичихгүй юм” гэж толгойгоо сэгсэрнэ.
Харин ах нь дүүгээсээ хойш ихэнх шүлгээ бичжээ. Шүлэг гэдэг сэтгэлийн толь. Баярлахуй, гуниглахуй хэмээх хоёр туйл шүлгийг илүүтэй төрүүлдэг. Ах нь дүүгээ дуурайдаггүй. Ингээд бодохуй найз минь ахтайгаа дэндүү адилхан байж дээ.
Доктор В.Алзахгүй

АЛТАН ОВОО, ШИЛИЙН БОГДОД СҮҮ ӨРГӨЕ
Яруу найргийн энэ номыг бүтээгч Дарьзавын Борын амьдрал хувь заяа Монголын хөдөө нутагтай бат зузаан холбоотой. Төрж өссөн газар, эзэмшсэн мэргэжил, ажил алба хаасан нутаг төдийгүй хүсэл сэтгэлийн дуудлага, шүлэг найргийн онгон сүлд нь хөдөө нутаг юм байна. Олон жилийн тэртээ Дарьгангын их талаар давхиж Алтан овоо, Шилийн богд ууланд сүслэн залбирч явсан минь энэ номыг унших зуур бас санаанд орлоо. "Яруу найрагчийг сайн танья гэвэл төрсөн нутагт нь очиж үзсүгэй" гэсэн үг байдаг. Тэгвэл би Д.Бортой төрсөн нутгаас нь эхэлж танил болсон гэхээр билээ. Хэдэн жилийн өмнө "Алтан овоо мину" (2000 он) шүлгийн номоо хэвлүүлж уншигчиддаа барьсан Д.Бор энэ удаа "Шилийн богд" хэмээх шинэ номоо хэвлэлд бэлтгэсэнтэй нь миний бие бусдаас урьтаж танилцах завшааныг олж авлаа. Энэ номыг уншихад Гангын нуур дөрвөн зүг алдлан цэнхэртээд, таана мангирын халуун ааг хамар сэт татаж анхилсаар угтдаг Дарьгангын тал санаанд орж байна. Шүлгүүд нь хөдөөгийн сэлүүнд нэн таатай уянгалан буй хөгжмийн эгшиг мэт. Бас зохиогчийн үзэл санааны хурц тод ертөнцтэй шадарлан танилцахаас гадна эргэцүүлэн бодлогоширч болно. Шүлгүудээс нь ардын аман зохиолын мэт аяс, нийлэмжтэй ая эгшиг байнга сонсогдоно. Аливаа уран бүтээлээс туүнийг зохиогчийн дүр төрх ургаж харагддаг. Тэгвэл энэ номноос зохиогчийн номой дуулгавартай биш омог бардам,хэгжүүн зан, тэрсүүд үг аль нэгэн мөр бадгаас нь мэдрэгдсэзр байна. Нэмж тэмдэглэхэд нэг жилийн дотор Москвад бичсэн шүлгүүд энэ номын дийлэнх хувийг эзэлж байгаа нь сүүлийн үед түүний уран бүтээл өдрөөс өдөрт улам бүр эрч хүчээ аөч яваагийн илэрхийлэл болно буй заа. Төрсөн хүү нь аав, ээжийнхээ мэндэлсний зуун жилийн ойд нэг нэг боть ном зориулж байгаа нь олон тааралдаагүй баримт төдийгүй ахас дээдсээ үгүйсгэх хэнээрхэл бүхий нэгэн үеийнхний санаанд багтахааргүй буянт үйлс болохсон биз. Аав, ээжийн сайн хүүгийн "босгосон" Алтан овоо, Шилийн богд ууланд сүүн цацал өргөж, ном эрдмийн ариун цагаан буян дэлгэрч явахын ерөөл дэвшүүлье.
Төрийн шагналт, СГЗ, яруу найрагч Д.Нямаа
2002-7-15

АЙРАГ МЭТЭЭР НАЙРАГ МЭТГЭЖЭЭ
Айрагчин удмын монголчууд эрт дивангарын чанадаас энэхэн цагийн нуруунаа суутлаа түм түмэн жилд сүүгээр амалж, сүүгээр айрагдаж, сүүгээр архи нэрж, сүүгээр цацал өргөж явлаа. Сүүнээс тийм олон ид шидийг олж шингэн, хатуу ааруул болтол эгшээж цагаан сүүг хорз архи болтол нэрж сурснаараа хорвоод хосгүй нэгэн омог гэж хотол дэлхийд алдаршчээ. Цагаан сүүнээс хорз архи гаргаж авна гэдгийг санаж сэдэх нь битгий хэл ярьж мөрөөдөхөд ч үнэмшдэггүй хүмүүс хорвоогоор дүүрэн. Малчин монголын ухаан энгийн бөгөөд ёроолгүйн наад захын гэрч нь айраг. Айраг сөгнөхдөө монгол хүн шүүрхий өгнө гэж ярихгүй. Уруул чимчигнүүлж, хамраар сэнгэнэсэн айргийг л бусдад хул хулаар нь хоёр гардан барина. Айраг шиг исгэж амтыг чинэрүүлсэн найраг шүлгээ хоёр гардан барьж буй Дарьзавын Борын саяхан хэвлүүлсэн "Алтан овоо мину" нэрт найргийн хундагыг үзэхүйд айрагчин монголын гүйцэд исгэсэн агаруу хултай айргийг амсах мэт сэтгэгдэл төрөв. Дарьзавын Бор гэдэг ур ухаан жигдэрсэн найрагч гэв гэнэт хаанаас гараад ирэв гэж гайхах хүн цөөнгүй гарна бизээ. Үнэхээр тэрээр газрын гүнээс гэнэт цойлдог хулсны сүеэ шиг гэнэт харван гарч ирэв. Арваас хорин жилийн ая зантай билүүдэгдмэл найрагчийн буурь үзүүлсэн тэрхүү шүлгүүд нь ердөө л ноднин уржнан төрсөн гол төлөв гурван настай бүтээл гэдгээ эцэст бичсэн огноогоороо илтгэж байх ажээ. Гурван нас хүрмэгц хүүхдээ хүн боллоо гэж үздэг байсан эртний монгол заншлыг дагасан Бор маань шүлгүүдээ эмхэтгэн нэгэн хавтсанд баримтаглан 130 хуудастай ном болгон уншигч олныг хэсүүлэх аян замд нь гаргажээ.
Бичиг үсэгт тайлагдсанаас хойш
Бишгүй л олон ном эргүүлжээ
Билгүүн шидийг нь одоо олоод
Бичих цаг нэгэнт болжээ гэж тэрхүү номынхоо эхний "Оршил" шүлэгтээ өгүүлснийг үзвээс айргаа исгэж исгэж чинд нь тулгамагц аягалж эхэлдэг малчны үг яриагүй мөөн. Толгой холбож хэдэн үг хэлхмэгц яруу найраг бичлээ гэдэг ойворгон залуустай адилгүй нэгэн гэдэг нь ч номын хуудас бүхнээс илэрхий харагдана. Учир шалтгааныг танилгүй өнгө дүрсэнд илбэдүүлсэн хэллэг зохиомогцоо уран санаа оллоо, нээлт хийлээ гэж дэвдэг нялх оюутан биш гэдэг нь ч шүлгийнх нь мөр бүрээс ханхийж байх ажээ.
Газар дээр би гэдэг
Ганцхан хувь амьтан
Хаана, хэзээ ч давтагдахгүй
Хосгүй хувь хүн - гэж тэрээр өөрийнхөө тухай өгүүлжээ. Түүнд үнэмших шалтгаан бий. Далаад оны үед Гуулингийн талын усжуулсан тариалангийн талбайгаас өөрийн зохиосон ая үгтэй уянгын дууг гитар хөгжмөөр сэтгэл хөдлөм уянгалаг аялан тоглож байгаа нэгэн сэргэлэн залууг монголын олон нийт цэнхэр дэлгэцнээс харж ялангуяа залуучууд бахархан шагширч билээ. Тэр үед уянгын дуу, гитар хөгжим хоёр залуусын сэтгэлийг эзэмдэж хот суурингийн орон сууцны орц бүрийд гитар пиржигнэж залуусын бичил хамтлаг сэтгэлийнхээ утсыг хөндсөн аясыг намуухан дуулцгаадаг асан. Орц бүр дуучинтай гэж хэлэхээр цаг үе байлаа. Харин хөдөө нутагт, тэр тусмаа тариалангийн талбайд ялангуяа гадаадад дээд мэргэжил олсон агрономч гитардан дуулж үеийнхээ залуусын сонорыг гижигдэж байсан нь ховорхон тохиол ажээ. Газар дээр ганцхан хувь амьтан гэдэг тэр байв. Төдхөн бэлчээр тэжээлийн агрономч залууг хөдөөгийн зэлүүд хязгаар дахь явцуу орчинд биш бүх монголын залуучуудын өмнө дуу аялахыг тушааж хувь тавилангийн зарлиг буужээ. Наяад онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн даргаар агрономч Дарьзавын Бор томилогдов. "Жар, далаад оны залуусын сор нь Дарьзавын Бор байлаа. Эрдэм боловсролтой, тод сонин араншинтай, элдэвтэй эр. Дуулна, бөмбөг тоглоно, барилдана" гэж тэр үеийн залуучуудын байгууллагын ажилтан, үе тэнгийн нөхөр В.Алзахгүй "Алтан овоо мину" номынх нь төгсгөлд бичжээ.
"Цаад өдөрхөн л би чинь
Цайлган цагаан хөвгүүн байсан
Урд өдөрхөн л би гэдэг
Одтой хийморьтой залуу явсан" гэж өнөөдөр Дарьзавын Бор дурсан бичихдээ ХАА-н ухааны доктор, ардын боловсролын тэргүүний ажилтан, дэд профессор, нүүдлийн соёл иргэншлийн академийн номч гишүүн хүртэл урт бөгөөд өгсүү замыг туулж, хал үзэж хашир суун, ухаан тунасан хүний бодлын хурыг үгээр буулган идэр залуу оюуны өсч өндийхөд хэрэг болох аршаан түгээж байна. Тэрээр "Өөртөө хэлэх үг", "Өрөөлд хүргэх үг" гэсэн мөчлөг шүлгийг уул номондоо оруулсныг нь уншихад ийм сэтгэгдэл төрж авай.
Хэн байснаа дурсан саная ,
Хэн болсноо бодон бясалгая
Хэн болохоо хүсэн мөрөөдье
Хором бүрийг хожиж өнгөрөөе гэх үгээр тэр өөртөө хэлэх үгэн эрхнийхээ нэг товчийг хийжээ. Тэр үг нь өөрөөс нь хальж хэн хүнд хэлэх сургамжтай гүн ухааны уриа дуудлага болсон гэлтэй.
Өөрт чинь бурхан хайрласан
Өвөрмөц нэгэн чадвар бий
Олж, илрүүлж, ашиглаж чадвал
Онцгой хэргийг бүтээж чадна гэж "Өрөөлд хүргэх үг" мөчлөгтөө дурджээ. Өөрт нь ч бас гүн холбогдох санаа юм. Тэгэхдээ Дарьзавын Борд өвөрмөц нэгэн чадвар биш, өвөрмөц олон чадвар заяажээ. Түүнийхээ нэлээдийг олж илрүүлж чадсанаас тэрээр эх орны хөдөө аж ахуйд ч, залуу үеийн өсөлт өрнөлтөд ч, эрдэм шинжилгээний салбарт ч, соёл гэгээрлийн ажилд ч "онцгой хэргийг" бүтээж чадсан юм. Харин түүнийг нь үнэлэх өрөөлийн үнэлгээ дутаа болов уу, яагаа бол? Өөртөө заяасан бас нэг чадварыг тэрээр олж илрүүлээд яруу найргийн сөн түшиж өвөрмөц сонин бөгөөд шүүрхий биш иссэн айраг шиг шүлгүүд бичлээ.
"Найрагч хэмээх эрхэм алдар ,
Надад ахдахыг би мэднэ" гэж тэр өөртөө хэлжээ. Гэвч ном нь түүнийг няцааж:
"Аав шиг эгэл гүдэсхэн
Ая дууг чинь сонслоо" хэмээн өгүүлж байна. "Айраг мэт иссэн Найраг юугаа сөгнөө!" гэж уншигч олон Бор танд ерөөж байна. Залуу насны дайчин армийн минь гялалзсан хурандаа Дарьзавын Бордоо шинэ зууны шинэ жигүүргэндээ хүчтэй эр бор харцага явахын ерөөл талбия!
Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт,
соёлын гавъяат зүтгэлтэн, доктор Л. Түдэв

АЛТАН ОВОО ТАНЬ АЛСААС ТОЛЬДОНО
Молцог элсийг хаяалан ургасан хэдэн хайлаасны сүүдэрт суугаад Дагшин Дуутыг давуулсхийн Алтан овоог харж суухуй дарьгангачуулын домог ярианд мөнхөрсөн уул усны шүтээн эзэн болсон цагаан морь хур дэлээ хийсгэсээр тэрхүү овоондоо хуухиран ирж байгаа дүр зураг болон нүднээ амилав. Тэрхэн агшинд л Дарьзавын Бор "Алтан овоо мину" хэмээн уулга алдаж, тэр чигээрээ нэгэн шүлгийн дэвтэр дүүргэжээ. Түүнийгээ эмхлэн, төрсөн эцгийнхээ зуун жилийн ойд зориулан 130-аад хуудастай түүвэр номоо хэвлүүлжээ.
Бодрол - 1
Хорвоо яаж үүссэн бол
Хүн хэдийд төрсөн бол
Амь яаж орсон бол
Амьдрал яаж дэвжсэн бол
Шүлэг ийнхүү эхэлнэ. Шүлэг яаж бий болсон бол, шүлэгч хэрхэн төрсөн бол. Ийнхүү бодохуй 1970-аад оны эхээр гитар үүрсэн буржгар бор залуу тайзан дээр гарч ирээд:
Улирлын сайханд жимсний амт цогцлоход
Ууж согтоод алтан гургалдай дуугаа дуулна
Уяагүй хайр цээжинд багтахгүй алдрахад
Ухаарч таниад хүний үр дуугаа дуулна хэмээн дуулахад залуучууд энд тэндгүй шуугин шүгэлдэнэ. Алга ташина. Дахиулна, ахиулна. Одооных шиг од, фэн гэдэг үгс тэр үед байсангүй. Тэгэхлээр Д.Бор тэр үед л лав фэнтэй од байсан юм. Энэ дууг одоо дахин дуулж байгаа дуучин алга. Хуучин дуунуудыг сэргээн дуулж нэр хүнд олж байгаа хамтлагуудын нэг нь шинээр найруулан дуулах нэгэн сайхан дууны нөөц лав энэ мөн. Д.Борыг юм юманд авхаалжтай сэргэлэн залуу байсан гэдгийг олон хүн мэднэ дээ. Түүхийн ухааны доктор В.Алзахгүй ч бас "Ах нь дүүгээ дуурайдаггүй" хэмээх өгүүлэлдээ энэ тухай тодорхой дурдсан байхтай тааралдав. "Эрдэм боловсролтой, тод сонин араншинтай, элдэвтэй эр. Дуулна. Гитардана. Бөмбөг тоглоно. Барилдана. Уралдахаас ч дутахгүй, зодолдохоос ч буцахгүй" гэж тэрээр өгүүлжээ. Ийм л элдэвтэй хүн шүлэг бичдэг юм. Найрагчийн араншин түүнд аль хэзээнээс байжээ. Харин өдий хүртэл бичиж нийтлэхгүй яваад байсан нь бас л өнөөх тод араншингийн нэгэн өнгө төрх нь мөн байх. Найрагч хэрхэн төрдөг юм бэ гэдгийг харж байхул дунд сургуулийн сурагчийн ширээнээс бус, харин дээд сургуулийн эрдэмтэн багш, профессорын ширээнээс төрдөг юм гэдгийг Д.Бор тодорхой жишээгээр үзүүлэв.
Бодрол - 2
Орчлон ертөнцийн мөн чанарыг
Оношилж бид чадсан бил үү
Хүмүүн бидний хүлээх үүрэг
Хөвчин хорвоод юусан бол ийнхүү эргэцүүлж, "Алаг хорвоогийн зочин" болж ирсэн монгол хүний өсөлтийн замыг харж болох юм. Угж хөхсөн хүүхэд байснаа хурга ишиг эргүүлдэг болж тусад орон, улмаар өсч томрон улс орноороо төдийгүй эх дэлхийгээрээ аялан жуулчилж, сурч боловсорч байна. Элдвийг үзэж нүд тайлан эрээн амьдралд дасан зохицсон тэр хүн бол эргэж харах бүтэн мөртэй, ирээдүйд хүрэх өөрийн оргилтой юм. Тийм оргилтой хүн л өөртөө зорилго үүсгэж, сайн сайхны тэмүүлэл догдлолыг үүсгэдэг билээ. Эндээс чухам сайхны тухай төсөөлөл үүсч:
Өчүүхэн зүйлийг чадаж, сагаж явах сайхан
Өчнөөн юмыг гайхаж, алмайрч явах сайхан
Өнгө алаг хорвоог таньж мэдрэх сайхан
Үлэмж төгс авьяастныг биширч бахархах сайхан хэмээн урам зоригтойгоор дуулж байна. Энүүхэн иш татсан хэсэгт амьдралын зөрчил тэмцлийг их л эвлэгхэнээр харуулсан байгаа юм. Д.Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг санагдуулахуйц бичлэгтэй "Сайхан" хэмээх шүлэгт монгол ахуйг зураглан, энэхүү зураглалаа өдөр тутмын амьдралын дэвсгэр дээр амьдралын үнэн болгож буулгаснаараа:
Алаг хорвоод хүн болж ирэх сайхан
Адаг сүүлд нь буцах ч сайхан
Бараан цагаан өнгө бүхэн сайхан
Байх ёстой юм бүхэн сайхан гэдэг дүгнэлт хийхэд хүргэжээ. Орчлон ертөнцийн мөн чанарыг танихын тулд эгэл жирийн үнэнийг нээж, эгэл жирийн юмс үзэгдлийн гоо сайхныг нээснээр тэр нь гүн сэтгэлгээний үндэс болдог билээ.
Дуулж байгаад алддаг
Уйлж байгаад ухаардаг
Зовж байгаад жаргадаг
Зүтгэж байгаад бүтээдэг гэх юм уу, аль эсвэл
Дүүрэхгүй сав гэж байхгүй
Дэврэхгүй сэтгэл гэж байхгүй
Дундрахгүй хөрөнгө гэж байхгүй
Дуусахгүй бие гэж байхгүй гэхчлэнгээр "Өөртөө хэлэх үг" хэмээх цуврал дөрвөн мөртүүддээ амьдралын үнэнийг "ээ дээ, тийм дээ" гэтэл нь зурагласан байх нь цөөнгүй байна. "Өрөөлд хүргэх үг" гэдэг дараагийн цуврал дөрвөн мөрт шүлгүүдэд ч бас иймэрхүү бадаг цөөнгүй тохиолдоно. Түүгээрээ хүний хүлээх үүрэг юу билээ гэдгийг аяндаа номлолтгүй хэлээд өгнө.
Бодрол - 3
Цаад өдөрхөн л би чинь
Цайлган цагаан хөвгүүн байсан
Урд өдөрхөн л би гэдэг
Одтой хийморьтой залуу явсан. Ингээд л залуу нас, хайрын тухай дуулна. Залгуулаад цааш нь улс орныхоо хувь заяаг бодно. Энэхүү хувь заяаны тухай эргэцүүлэл бол Д.Борын тухайд "Мөрөөдлийн шүлгүүд"-ээр нь илэрнэ буй заа. Мөрөөдлийн шүлгүүдийг нь хөдөлмөрийн баатар Л.Түдэв "Дал" сониндоо нийтэлж, өмнө нь "Алтан овоо мину" номын тухай элэгсэг бүлээн үгээ бичжээ. Зохиогчийг нь "залуу насны армийн минь гялалзсан хурандаа" гэжээ.Тэгэхлээр Д.Борын мөрөөдлийн шүлгүүд бол болчимгүй залуу насны бүтэлгүй хайр, эсвэл биелэшгүй хүслэнгийн тухай бус юм. Учир таньж, ухаарч мэдсэн хуний сэтгэлийн үг гэж болно. "Мөрөөдөл" гэсэн нэг нэртэй дөрвөн шүлгийг 1995-2000 оны хооронд бичжээ. Төр засгийн хууль тогтоолыг эрээн цаас биш, амьдралд хэрэгждэг цааз болоосой гэх буюу нам эвсэл, анги хам гэж элэгсэж бүлэгсэлгүй улс орноо хөгжүүлье, үүний тулд урьд хийсэн нүглээ наманчилж аль өнгөтэй гэгээтэй сайхан дурсамжаа хөглөж ариун нандинаар амьдарч хийж бүтээж Монгол орноо дэлхийн дэвжээнд мандуулахсан гэдэг цөм санааг энэ цуврал шүлгүүддээ илтгэсэн юм. Яг өнөөдөр бидний амьдрал ямархуу байгааг "Энхрий минь би чамаасаа" хэмээх шүлэгт зурагласан нь бий. Цайлган цагаан хөвгүүн, цахилсан хийморьтой залуу маань нас тогтсон үедээ өнөөдөр ямархуу орчинд амьдарч байгааг:
Гэрээсээ гараад л би чинь
Гэрэлгүй орчинд орж байна
Газар сайгүй надтай
Гайтай амьтад таарч байна.
Нүдэнд минь самуун явдал үзэгдэнэ
Чихэнд минь нүгэлт үг сонсогдоно
Аманд минь адгийн яриа орно
Алд бие минь алжааж ядарч байна хэмээн зураглажээ. Энэ бүхнээс залхаж итгэл, баяр, инээд гурвыг амьдралд эгүүлэн залж ирэхэд энхрий чиний минь итгэл, урам, эрхэм дотно үг хэрэгтэй байна гэдгийг гаргажээ. Үнэндээ ч манай өнөөгийн нийгмийн эмчилгээ ийнхүү гэр бүлийн болон ойр дотны хүрээнийхний дотно сайхан харилцаанаас эхлэн эрүүлжих учиртай билээ.
Бодрол - 4
Хөх тэнгэр дээрээс мэлтийж байхад
Хөрст дэлхий доороос ивж байхад
Хүмүүн бидний араншин хичнээн хувирав
Хүн төрөлхтний хичнээн нийгэм байгуулав. Социалист нийгмийг байгуулж явсан, сөнөж задрахыг нь нүдээр үзсэн болохоор энэхүү эргэцүүлэл бол хоосон ч цэцэрхэл биш гэдэг нь ойлгомжтой. Одоо бид хаана явна, ирээдүйд тэгээд хаана хүрэх вэ. Империализмд очих уу, коммунизмд очих уу? Энэ бол асуулт биш эргэцүүлэл юм. Эргэцүүлж тунгаа гэсэн сануулга юм.
Сэтгүүлч төдий сэхээтэн
Сайд болж самарна
Сайн дурын уран сайханч
Од болж онгирно
Архаг хулгайч, луйварчид
Албаны дарга болно
Ажилгүй, тэнэмэл хүмүүс
Архи, тамхи дамлана
*** ***
Дээд тушаалтныг харахаараа
Долгинож чаддаг салбадай
Доод албатныг үзэхээрээ
Догширч гардаг сүлбэдэй
Дээдсийн хүрээлэнд бол
Даруухан бор боол
Доодох олонд бол
Догшин хар мангас. Найман мөрт эдгээр шүлгүүдэд хүний араншин хэчнээн хувирсныг тодорхой хэлж байна. Иймэрхүү мөр бадгууд олныг иш татаж болох боловч зай талбайгаа хэмнэх нь зөв бизээ. Бид ер нь урагшилж байна уу, ухарч байна уу? Иргэний зоригоороо яруу найрагч ийнхүү асууж байна. Хариуг нь хэн өгөх вэ?
Бодрол - 5
Цаг ирж нөхцөл бурдэхээр
Чингисийн Монгол дахин сэргэнэ
Тив дэлхийг бүрэн захирсан
Тэнхээ хүчтэй гүрэн болно. Уртад санаж уужимд бодож явдагтаа л Монгол хүн ихийг бүтээж иржээ. Харин санаа богиносож, бодол давчидсан цаг мөч бүртээ ялагдал хүлээж ирсэн түүхтэй. Түүхийн харанхуйг ариусгаж, түгээмэл ирээдүйгээ саруулсгаж дуугаар ая барья.Яруу найрагч ийн сэтгэжээ.газар усныхаа тухай "Алтан овоо мину" хэмээх дууны шулэгтээ газар дэлхийн төлөөлөл болсон Алтан овоогоо аав ээжтэйгээ адилаар сэтгэн дуулж байна. Ер нь энэ түүвэрт залуу насны хайр, түүний яруу тунгалаг хийгээд гэгээн гэрлийн тухай бахархан дуулсан хэд хэдэн аятайхан дууны шулэг бий. Удахгүй тэдгээр шүлэг хөглөгдөх буй заа гэж итгэнэ.Ялангуяа "Хань минь"гэдэг дууны үг ихээхэн чамбай болсон байгаа юм. Ханилж байгаа бүсгүйгээ ээж, эгч, дүүтэйгээ адилаар сэтгэж, сайхан амьдралынхаа гэрэл гэгээ болгож өргөмжилжээ. Бас түүний шүлгүүд нь ардын дууны маягаар зохиогдсон "насаараа л ийм байгаасай", "Заяа юу даа", "Бодол", "Уйдашгүй хорвоо" зэрэг дууны үгс нь ардын дууны маягаар бичигдсэн байгаа болохоор аялгуу орж ардын дунд түгэхдээ их л хурдан байх болов уу гэж санаж байна. "Алаг дэлхийн жам" хэмээх дууны шүлэгт:
Хургүй жилийн хагд ногоо
Хуурайшин гутравч үрлэнээ хө
Хорвоо ертөнцийн амьтан бүр
Хүүхэд үрсээ л хамгаалнаа хө гэсэн байгаа нь санааны хувьд зөв боловч ур чадварын талаар дутагдаж байгаа нь илт байна. Энд өгүүлсэн санаа харин чухал юм. Монголоо сэргээх гэсэн бодол энэ шүлэгт бүрнээ илэрхийлэгдэж байгаа нь ойлгомжтой боловч харин дахин боловсруулж бичвэл тэр санаа улам ч тодорхой болно гэж санаж байна.
Бодрол - 6
Амьдрал Таныг жүжиг гэвэл
Оролцон тоглогчид нь бид биш үү?
Аль эсвэл бүжиг гэвэл
Оролдон бүжигсэд нь бид биш үү?
Хэний найруулсан ямар жүжигт
Хүчин зутгэснээ бид мэдэхгүй
Хаана дэглэсэн элдэв бүжигт
Хамтарч бүжсэнээ бас мэдэхгүй. Энэхүү амьдралын жүжиг нь олон янз байж болох бөгөөд Д.Борын шүлгээр жишээлж ганц нэгийнх нь тухай зурвас өгүүлнэ. Гэм зэмгүйн сайхан дүрийг эсгээд зөв бүхнийг өөртөө нааж, буруу бүхнийг бусад руу тохож явдаг "Бурхан хүн" амьдрал дунд таарч л байдаг. Эндээс зохиогч чухам, юуг олж авав гэдэг нь сонин.
Арван хуруу тэгш хүн
Амьдралд огт байхгүй гэсэн мэдээжийн үнэнд
/ийм утгатай зүйр цэцэн үг, мэргэн үг ихэд тархсан байдаг учир мэдээжийн үнэн гэж нэрлэв/ тулгуурлаж, дараагийн хоёр мөртөө:
Авах юмгүй "хог" хүнийг ч
Эрж хайгаад олохгүй гэсэн амьдралын үнэнийг нээн олж харжээ. Үнэндээ ч түүний залуучуудтай ажиллаж явсан үйлс зорилго нь залуу хүний сайн чанарыг олж харж түүгээрээ дамжуулан хүмүүжүүлэхэд оршиж байлаа. Түүнээс бус зарим муу муухай шинж байдлаар нь дүгнэж түүнийг орхиж гээхгүй байхын төлөө сайхан сэтгэлээр ажиллаж явсны үр дүнд л тэрхүү дүгнэлт гэж болох нээлтийг гаргаж иржээ.Сүүлийн үед манайхны дунд "Аллерги" гэдэг харшлын өвчний нэрээр элдэв ажлаас хойш суух дутагдал байдгийг бас шүүмжлэн өөрөө өөртөө хүртэл харшилж байгааг нь илэрхийлээд
Амьдрах орчиндоо харшилсан хүнд
Аврал ер байна уу?гэсэн асуулт эргэцүүллийг тавьжээ. Энэ бүхэн бол амьдрал хэмээх жүжгийн нэгэн тал нь мөн.
Социалист нийгмийн үед
Шүүмжлэгч гэж сэрдэгдсэн
Ардчилсан засгийн үед
Ахмад гэж адлагдсан
“Ху” намынхаа томчуулд
Хувьсагч гэж хардагдсан
Холбоо эвслийхэнд бол
Хөгшин гэж хаягдсан
Энэ нэгэн сэхээтэн амьдралын, тодруулбал төр олон нийтийн бишгүй олон жүжигт оролцсон буюу ойроос ажиглаж байсны хувьд нийгмийн амьдралд байгаа согог дутагдлыг шүүмжлэн хэлэх ухаан хүч төлөвшин тогтсоноос нь энд өгүүллээ.
Бодрол - 7
Ажил алба өндөр байхад
Андууд дандаа олон байдаг
Албан тушаал буухын цагтаа
Ижилсэх нөхөд цөөхөн болдог. Энэ иш татсан шүлгийг Д.Борын ажил алба хашиж явсан түүхтэй нь холбон ярьж болох боловч огт өөрийн тухай энд өгүүлье. Хат суусан сэтгэлийн гүнээс:
Бүх юм хэмжээтэй хүү минь
Бодож, санаж л яваарай
Багтаамж даацыг нь тааруулж
Болгоомжтой хэрэглэж сураарай /Нэргүй шүлэг/ гэсэн сургаалын шүлэг төрөн гарчээ. Мөн бас, гучин жилийн сорилд гундаа нь үгүй үерхэл хийгээд гуниг баяр хоёрт холдоо нь үгүй андын тухай /"Гучин жилийн тэртээд"/өгүүлсэн байгаа юм. Ийм л сэтгэлийн үүднээс энхрий хонгор хүүхнүүдийг хүлээж байгаарай гэж элэгсэг дотноор хэлж байгаа билээ. Оросын нэрт зохиолч К.Симоновын "Хүлээ намайг" шүлгийн ерөнхий өнгө төрхийг санагдуулах:
Хаврын ногоо шиг сэргэж яваа
Хөөрхөн охид ч хүлээж байг
Зуны цэцэг шиг дэлгэрч байгаа
Залуу басгад ч хүлээж байг гэж эхэлдэг шүлэг нь өөртөө болон ирээдүйд итгэх нандин итгэлийн тухай дуулал болсон юм. К.Симоновын шүлэг манай яруу найрагчдын бүтээлд эртнээс нөлөөлж ирсэн юм. Яруу найрагч Р.Чойномын
Зургаан сар болсон ч
Ирнэ л гэж хүлээгээрэй
Зуун жил болсон ч
Цэвэр хэвээрээ хүлээгээрэй хэмээх дууны үг нь дээрх шүлгийн шууд нөлөөгөөр зохиогдсон болох нь илт байдаг.
Бодрол - 8
Манай Монгол далайгүй гээд л
Маргах нэгэн байдаг л юм.
Миний сэтгэлд харин дандаа
Мэлтэлзэж л байдаг, Монгол далай. Яруу найрагчийн "Сайхан" шүлэгт өгүүлснээр Чулуун начны барилдах, Чимидцэеэгийн дуулах, Доржсүрэн гавьяатын хөгжимдөх, дарьганга дархчуулын урлах бүгдээрээ сайхнаас илүүтэй Монгол далайн нэгэн давалгаа биш гэж үү. Яруу найрагчийн сэтгэлд ийнхүү дарьганга нутгаас эхтэй Монгол далай цэлэлзэж байнам. Манай үеийн цог золбоот яруу найрагч, тэмцэгч О.Дашбалбар бол Д.Борыг ихэд хүндэтгэдэг байлаа. Садан төрлийн ах гэхээсээ илүүтэй сайн сайхныг сэрж мэдрэх түүчээ болгон хүндэлж явсныг нь бид мэдэх билээ. Тиймдээ ч О.Дашбалбар "Гол ус намуухан урсана" гэдэг шинэ номынхоо эхэнд "Энэ ном ах тантай харилцан ярьсан яриа, миний танд ойлгуулж ядсан тэр бүхний илрэл, ах тандаа хүүрнэсэн сэтгэлийн үг юм шүү. Тэгээд ч би энэ номыг бүтээхэд хамгийн идэвхтэй оролцсон хүн гэж таныг хүндэлнэм. Цагтаа та надад Эффенди Капиев минь байлаа. Мянга мянган уншигчийн амыг бус, ганц таны л үгийг би хүлээж байлаа" хэмээн бичиж гарын үсэг, ерөөл билгийн үгсээ өргөн дурсгажээ. О.Дашбалбарын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор "Монголдоо Балбар минь", "Үгүйлж л, санаж л явъя даа" гэдэг шүлгүүдийг бичжээ. Сүүлчийн шүлгийг зохиогч нь аялгуу нэхсэн шүлгүүдийнхээ дунд оруулаагүй боловч дууны маягаар бичигдсэн нь харваас илт.
Бодрол - 9
Үнэнээс бид айх юм
Угтаа энэ нь утгагүй юм
Сайн юм муудаж элнэ
Сайхан юм гандаж гундана. Энэ түүвэр бүхэлдээ үнэний тухай юм гэвэл зохилтой. Үнэн үгийг гашуухан хэлбэл амттай болдог. Хатуухан хэлбэл ухаарал болдог. Гуньж хэлээд хойчоо хардаг, ийм л үнэнийг энд номлосон байгаа билээ. Тийм ч учраас номынхоо "Өндөрлөх үг" болгож:
Санаанаасаа би нэг ч мөрийг зохиосонгүй
Сайн, сайхан хүмүүсийн захисан, хэлснийг л бичлээ.
Өөрөө би үг олж, шүлэг бичээгүй
Өвгөд, эмгэдийнхээ л сургааль гэрээсийг үлдээлээ гэж даруухан бичжээ. Өнөөгийн яруу найргийн өнгө төрхийг зэрвэс харахад үгээр хөөцөлдөх нь их болжээ. Тэгвэл яруу найрагч Д.Бор үг хөөхөөр үхэр хөе гэдэг хуучин үгийг баримталж утгыг биширсэн найраг шүлэг бичжээ. Утга санаагаар уянга найргаа чимэглэх нь хамгийн дээд эрдэм билээ.
Болдогсон бол бороо дуудан оруулахсан
Бор талаа нэг бус нэвширтэл дэвтээхсэн
Бут бүрийг сэргээж, борог бүхнийг хэнзлүүлэхсэн
Бороотойгоо хамт бодлын гүнд асгарахсан. /Мөрөөдөл - 4/ Уран санаа уран шүлэг хоёр нийлэн найрсны нэгэн жишээ энэ болно. Бороотойгоо хамт бодлын гүнд асгарч, хүний оюун санааг бас дэвтээх тухай, бүр цаашилбал сэтгэн бодож эргэцүүлэх чадварыг сэргээж, энэ чадварыг залуу үеийнхэнд эзэмшүүлэн өвлүүлэх тухай санааны илрэл бас байгаа юм. Зарим үед уран чадварын талаар бага анхаарч утга санаанд түлхүү анхаарсан тал ажиглагдаж байгаа билээ. Д.Бор яруу найраг хоёр эрт нөхөрлөж ирсэн нь мадаггүй боловч энэ түүвэр ерөнхийдөө сүүлийн гурван жилд бичсэн шүлгүүд байгаа билээ. Нас тогтсон, ухаан тэгширсэн эрдэмт хүний сэтгэлээс ундарч гарсан шүлгүүд нь ухаарал бясалгал, эргэцүүлэл сургаалаар арвин байгаа билээ. Энэ бүгд нь дутууг нөхөн тэгшлэх чадвартай байгаа юм. Тиймээс ч соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч П. Сандуйжав "энэ ном ёстой арван сараа гүйцээсэн аавын хүү шиг санагдлаа" гэж мялаан бичжээ. Д.Борын "Бодрол" хэмээх цуврал есөн шүлгээр эрхэлж шинэ номынх нь ерөнхий төрх төлөвийг уншигч танаа таниулах гэж хичээлээ. Монголын тухай бодож, монголын тухай мөрөөдөж яваа хүүгийнхээ эр бяр, эрмэг ухаарлыг Алтан овоо тань алсаас тольдон харж байгаа даа. Нуурын зэгс дуу аялан исгэрч намалзан бөхөлзөхүй Дагшин Дуут нуур усандаа шингээчих мэт санагдав.
Доктор профессор Я.Баатар 2001.07.19

НАЙРГИЙН ЗАМД ӨРГӨХ НАЙЗЫН ЕРӨӨЛ
Дарьганга, Алтан овоо, Шилийн Богд, Орлой гурван зээрд гээд шүлгийн тансаг мөр шиг нэрстэй уужим цэнхэр тал нутаг сэтгэлд тун ч тод оо.Тэр гайхамшигтай дагшин цэлгэр нутгийн олон сайхан найрагчтай хундага хуваалцаж, сэтгэл нээлцэж явсан болохоор нөхдөө дурсуут нутаг нь санаддаг нь үл мартах сэтгэлийн ёсон биз ээ! Би энэ нутгийн цэцэн цэлмэг олон найрагчтай найз нөхөд явлаа. Манай нутаг их Богдын хормойд очоод
Хүний хоолой сонгосон
Хүрэн толгойн сүүдэр
Хүлгийн шанадас сунгасан
Хөхрөх талын хаяа хэмээн шүлэглэж байсан Доржийн Гомбожав Дарьганга нутгийн хүү байсан бөгөөд 1956 онд гарсан анхны шүлгийн түүврийг нь манай нутгийн ах их яруу найрагч Ч. Лхамсүрэн эх барьж редакторлан хэвлүүлж байсан юм. Дараахан нь уянгын сайхан найрагч Данзаннямын Шагдарсүрэнтэй танилцан, олон жил эхийн хоёр хүү шиг ижилдэн явсан. Хайрт нөхрөө тэнгэрт морилсон хойно нутагт нь очиж эгч дүү нартай нь уулзан шүлэг зохиолыг нь цуглуулж, "Уянгын цэнхэр давалгаа" гэдэг яруу найргийн "Сэтгэлийн тэнхээ" хэмээх нийтлэл найрууллын хоёр номыг хэвлүүлж уншигч түмэнд нь өргөн барьсан билээ. Богинохон хугацаанд манай яруу найрагт аянгын гялбаа мэт тодорч хэзээ ч арилшгүй яруу мөрөө үлдээн уянгын хөшөө босгосон О. Дашбалбар, Д.Нямсүрэн нарын анхны шүлгүүдийг сонинд тавьж, эхний номуудыг нь редакторлан гаргаж байснаа ямар нэгэн сохор тохиол бус хувь тавилангийн оноолт байсан бизээ гэж сусэглэн бодном. Тэднийхээ гэгээн мөрийг дэрлэн гарч ирсэн яруу найрагч Дарьзавын Борын "Шилийн Богд" хэмээх шинэ номын эхийг шимтэн уншиж суутал Дарьгангын найрагчид яагаад дандаа эрт буцаж байна вэ? гэсэн мөр сэтгэл сэрхийлгэж, идэр насны гал цогтоо нөхдий минь дүр төрх нүднээ тодрон, чи минь биднийгээ дурсдаг уу? гэж асуух шиг боллоо. Дурсалгүй яахав дээ, дурсах дурсахдаа нутаг устай чинь үргэлж дурсдаг гэж зүрхэндээ хариулж суунам. Нээрээн Дарьгангын олон сайхан найрагч бурханы оронд заларчээ. Д. Маам, И. Батсүх тэднийгээ үнэнхүү харамсан дурснам. Гэвч тэднийхээ мөрийг нь даган нэрийг нь өргөсөн найрагчид төрсөөр Дарьгангын ая дууг ард түмнийхээ сонорт хүргэсээр явна. Монгол улсын СГЗ Г.Мэнд-Ооёо морин эрдэнийн тодотголтой Ай. Төмөр-Очир, эрдэмтэн яруу найрагч Д. Бор гээд тоолоход арван хуруу цөөднөм. Хаврын нялх ногоо шиг шил шилээ даган ургаж байгаа ханагар талын найрагчдад уран бүтээлийн аз жаргал, алдар гавьяаны ерөөл өргөе. Яруу найргийн шинэ ном уншихад сэтгэл сэргэн хөглөгдөж, эрт өнгөрсний дурдтгал ирэх цагийн мөрөөдөл оюун санааг эзэмддэг.
"Шилийн Богд" номыг уншихад орос монголын олон зохиолчидтой тэр дагшин цэнхэр уулын оройд гарч, онгод хиймороо сэргээж явсан гэгээн өдрийн дурдатгал сэтгэлд сэргэж байна. Яруу найрагч Д. Борын туулж өнгөрүүлсэн амьдрал ч дурсамж дүүрэн. Тэр төрөлх нутагтаа арван жилийн сургууль төгсөж, Ленинградад таван жил эрдмийн мөр хөөж, Гуулингийн талыг усжуулалцаж, Халхын голд алим жимс тарилцаж, бэлчээр тэжээлийн хүрээлэнд эрдмийн ажил хийж, МХЗЭ-ийн төв хорооны нарийн бичгийн даргын суудал эзлэж, эдүгээ сурган хүмүүжүүлэх эрхэм ажлын зэрэгцээ, яруу найргийн хүнд хөдөлмөрт зүтгэж явна. Д. Борын аавынхаа 100 жилийн ойд зориулан бичсэн "Алтан овоо мину" номыг нь би хүндэтгэн хадгалж буй. Ээжийнхээ 100 насны ойд энэхүү "Шилийн Богд" номоо өргөн барьж байгаа юм байна. Үзсэн амьдрал ихийн хэрээр түүний шүлэг найргийн сэдэв өргөн байна. Хүмүүний халуун хайрын илэрхийлэл зөөлөн уянга, орчлон хорвоогийн явдлыг бясалгасан гүн ухааны эргэцүүлэл, нийгэм улс төрийн тухай бодрол зэрэг уншигчдын сэтгэлд шинийг өгүүлж, элдвийг эргэцүүлэх өргөн сэдвийг хамарч, элдэв маяглалаас төсөө энгийн өгүүлэмжээр санаагаа илэрхийлж байгаа нь содон байна. Нөхрийн шүлэг найргийн талаар миний танил авьяас эрдэм төгс нөхөд тодорхой өгүүлсэнтэй санаа нэг байгаагаа тэмдэглээд цаашдын уран бүтээлд нь арвин ерөөл өргөдөг уламжлалыг дагъяа.
Төрийн шагналт, яруу найрагч П.Пүрэвсүрэн
2002-11-29

СОЁОЛОН МОРЬДЫН ТӨВӨРГӨӨН
Соёолон морьдын төвөргөөнд саруул тал минь доргином
Соёолон морьдын төвөргөөнд сэтгэл сэргэн догдолно
Тэр туурайн төвөргөөнд тэнгэрлэг гургалдай ичингүйрнэм
Тэр туурайн төвөргөөнд тэрслэх зүрх түгшинэ
Дааганы ч биш хязаалангийн ч биш гагцхүү соёолон морьдын төвөргөөнг Дарьзавын Борын найраг шүлгээс сонслоо би. Хэдхэн жилийн тэртээ найргийн анхны номноос нь шаагитал иссэн айргын амтыг мэдэрч "үнэрийг нь аваад согтоод байна даа хө" гэсэн дууны үг чихнээ уянгалахыг сонсох шиг болсон тул "Айраг мэт найраг мэтгэжээ" гэж томьёолон бичсэн минь талаар болсонгүй.
Гол төлөв монгол орныхоо сайхан уул усны нэрээр найргынхаа номыг /Алтан овоо, Шилийн Богд, Ганга нуур/ овоглодог дарьзавын Борын саяхан сойсон шүлгийн морины шүдийг үзвээс соёолон морины эвшээхүйд яралзан харагддаг дун цагаан эрдэнийн» лавайг санагдуулвай. Соёолонгийн шүдтэй ч юм уу, төвөргөөнтэй ч юмуу зүйрлэхээс өөр зүйрлэл олдохооргүй "Ганга нуур" номонд "Хатуу үг" гэдэг нэгэн бүлэг шүлэг орсныг үзвээс "Хүнд суртлыг чононоос дутахгүй хэмлэх юмсан" гэж нэрд гарсан нэгэн орос найрагчийн үг өөрийн эрхгүй санаанд оров шүү! Тэгтэл бас "эргэцүүлэхүй" хэмээх бүлэг шүлэг, мөн энд орсныг үзвээс дорнын найрагчийн төрх тодрон улмаар "малчин" хэмээх шүлгийн бүлээрээ уг гарвалаа байтугай Монгол маань монголоороо байгаагийн нууцыг шивнэвэй. Тэгтэл бас "Чи бидэн хоёр" хэмээх бүлэг шүлгээрээ уянгын зөөлөн хур буулгав. Омогшиж чаддаг, гундуурхаж ч чаддаг, хатуу үг ч хэлчихдэг, хоосон чанарыг ч ухаардаг ийм нэгэн найраг шүлэгчийн олон өнгө аястай ном туурвиснаараа Дарьзавын Бор найраг шүлгийн соёолон морьтон гэдгээ зарлан дуулгаваа.
"Саран наран цагираг дугуй
Сав шим ертөнц дугуй
Орон зай одон дугуй
Орчлон хорвоод цөм дугуй" гэж тэрээр эхлэл төгсгөл үл баригдах эргүүлгэн ертөнцийн "дугуй" хуулийг шүлэглэн хэлсэн анхдагч боллоо. Гүн ухааны энэ нээлтийнхээ нээлхийгээр сансрын эрэмбэтэй холын сунгааг тэр зарлалаа.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагын гавьяат зүтгэлтэн, Доктор Л. Түдэв





ТУНЧИГ САЯХАН
Тунчиг саяхан 2000 онд Дарьзавын Борын "Алтан овоо мину" шүлгийн номын эх бичвэрийг уншиж суусансан. Энэ номонд зориулан мялаалгыг бичсэн юм. "Бид хоёр цэцэг юм бол нэг л нарны элч, нэг л хурын дусал, нэг л газрын шимээр тэжээгдсэн юм байна.Өнөөдөр би Дарьзавын Бор гэгч цэцгийн тоосыг зегийгөөр биш, салхиар биш яруу найргаар дамжуулан хүртэж сууна" гэж бичсэнээ эргэн санаж байна. Түүнээс хойш хоёр жилийн дараа "Шилийн богд" гэсэн нэртэй өмнөхөөс хоёр дахин зузаан шүлгийн номоо хэвлээд амжсан байх юм. Алба амины их ажлын хажуугаар ингэж амжуулна гэдэг сайхан хэрэг. "Алтан овоо" номоо ачлалт аавынхаа дурсгалд зориулсан бол хоёр дахь номоо алдарт эхийнхээ зуун жилийн ойд зориупан гаргасан юм. “Ганга нуур" хэмээх гурав дахь номоо хайрт ханьдаа өргөн барьж байна.
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ч. Дагвадорж "Энэ хүний яруу найргийн анхны түүвэр "Аптан овоо мину" номыг хэвпэгдсэний дараахан уншигчид сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Ямарч байсан энэ хүн зүгээр нэг сонирхогч юм уу эхлэн бичигч биш, дотроо олон жил бодож боловсруулсан сэдэвтэй, яруу найрагчийн туурвих ур ухааныг хэдийнээ эзэмшчихсэн, зууртаа шургаад гардаг булаг шиг, цаанаа ундаргатай хүн гэдэг нь тодорхой болсон" гэж даацтай үнэлсэн байдаг юм. Манай улсын оюун санааны оргил болсон олон хүн Дарьзавын Борын яруу найргийн номыг санал нэгтэй сайшаан хэпсэн нь нэн бахдалтай. Гурав дахь түүвэр “Ганга нуур" нь өмнөх хоёр номноосоо агуулгын хувьд гүнзгий, хийцийн хувьд уран, хэмжээний хувьд зузаан болсон байна. Яруу найрагч Батмөнхийн Батзаяа:
Нэг их сүрхий ухаантан нь
Шүлгий минь дүгнэх вий дээ
Нилдээ тэгээд хүмүүс
Түүгээр нь ойлговол яана даа
гэж бичсэн байдаг юм. Энэ бадгийг би хүндлэн үздэг учраас яруу найрагч нехрийнхөө шүлгээс ишлэл авч тайлбарлахыг үнэндээ зүрхэлсэнгуй. “Ганга нуур" номыг үзсэн бүхэн өөрийнхөөрөе мэдэрч, еөрийнхөөрөө ойлгож, өөрийнхөөрөө тунгаана гэдэгт бат итгэлтэй байна. Уншсан бүхэн таалан болгоож, сонссон бүхэн эрж сурагпах болтугай.
Пүрэвдоржийн Сандуйжав
/СГЗ, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч/

ХУНГИЙН ЧУУЛГАН
Гангийн цагаан нууранд хунгийн чуулган болдог. Эх нутгаасаа явахын өмнө хилийн хамгийн емнө зүгийн энэ нүдэн нууранд хэдэн мянган хун цугларч ганганаж, гунганаж байснаа ганцхан өглөө зэл татуулан нисэж одохыг харсан хүний сэтгэл уяран нүд чийгтдэг юм гэнэ билээ. Дарьгангийн цэнхэр хязгаараас олон сайхан яруу найрагч төрсөн нь ийм ер бусын тансаг нутаг, ус, нутаг үлгэр домог, уул овоо, ургамал цэцэгтэй нь холбоотой биз ээ. Ганга нуурын хөвөөнд нар мандахыг харж, алтан овоонд сүслэн мөргөж намрын өглөө эрт, эдүгээ, сайн нөхөд, өнгөрсөн хийгээд одоог эргэцүүлэн бодож удтал ганцаар зогсоход Дарьзавын Бор сэтгэлд минь дүр төрхөөрөө дахин дахин бууж байж билээ. Найрагч шүлгээсээ дэндүү тод харагддаг.
Борын шүлэг бол борын ертөнц, бас Бор өөрөө юм. Түүний шүлгэнд бодрол бясалгал, гуниг бухимдал, баяр хөөр, ааг омог, алжаал ядрал цөм бүрэн ажгуу. Ардчилал гэж амтай бүхэн хашгирах боловч ардчилалын үнэт зүйлс жилээс жилд улам бүр бүдгэрэн, шударга ёс хэмээн шувуу хүртэл шулганах дөхсөн хирнээ шударга, үнэн гэгч цаг ирэх мөч бүрийд холдон хулжсаар байгаа энэхүү бусармаг цаг үе төрөлхийн чин шударга найрагчийг машид бухимдуулан үзгээ шүүрэхээс аргагүй болгодог нь олон шүлгээс нь харагдаж байна.
Энгийн илүү дутуу зүйлгүй зарим богино шүлэг нь харийн хэлэнд орчуулах аваас хэний ч сэтгэлд амархан хүрч болохоор байгаа нь тун ч олзуурхууштай. Ийм нэгэн шинэ ном таны гарт очиж байна. Хунгийн чуулган мэт уянгатай, Дарьгангийн нэрмэл мэт час хийсэн амттай, их талын хөл тушим өндөр өвс мэт шим шүлттэй тэр их талын тэнд, энд хааяа тааралдах хүн чулуу хөшөө мэт сонин содон шүлгүүдтэй “Гангийн цагаан нуур" - нд тавтай морилно уу Та.
Таалал орших болтугай
Доктор В. Алзахгүй

ЯРУУ НАЙРГИЙН АЯНД СЭТГЭЛ ШУЛУУДСАН НЭГНИЙ
ТУХАЙД ӨГҮҮЛЭХИЙН УЧИР
Яруу найраг хэмээгч хүний сэтгэлийг ариусгагч уран зохиолын эрхэм дээд нэгэн төрлийг залуу насандаа сонирхоогүй хүн, өөрийн авъяасаа туршаагүй зохиолч үгүй гэдэг.
Цаг цагаараа байдаггүй, 1990-ээд он гарсаар олон хүн яруу найргийн хөдөлмөр рүү хошуурсан. Энэ нь бас цаанаа учир шалтгаантай байх. Өнгөц сонирхсон гэхээсээ илүү цаг үеийн халгиа цалгиа уран зохиолын хамгийн шуурхай энэ төрөл рүү олон хүний анхаарлыг, түүний дотор өмнө нь энэ төрлийг нэг их анзаарахгүй явсан харьцангуй ахмад үеийн гэхээр хүмүүсийн анхаарлыг татсан биз.
Тэдний нэг нь уншигч таны ширээнээ шүлгийн хоёр дахь түүврээ өргвн барьж байгаа Дарьзавын Бор гэж бодном. Энэ хүний яруу найргийн анхны түүвэр "Алтан овоо мину" номыг хэвлэгдсэний дараахан уншигчид сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Ямар ч гэсэн энэ хүн зүгээр нэг сонирхогч юмуу эхлэн бичигч биш, дотроо олон жил бодож боловсруулсан сэдэвтэй, яруу найргийн туурвих ур ухааныг хэдийнэ эзэмшчихсэн, зууртаа шургаад гардаг булаг шиг цаанаа ундрагатай хүмүүн гэдэг нь тодорхой болсон.
Тэрбээр шүлгийн анхныхаа түүврийг ачлалт эцгийнхээ дурсгалд зориулсан бол "Шилийн богд" хэмээх яруу найргийн хоёр дахь номоо:
Арван хүүхэд төрүүлж өсгөсөн
Алдарт эх Жамсрангийн Мажигийнхаа
Зуун жилийн ойд зориулжээ.
Номын доторхи шүлгийн бүтцийг ажиглахад яруу найргийн хэлбэрийн талаас гэвэл монгол шүлэг бүтэх хамгийн бага нэгж болох хоёр мөртөөс эхлээд ардын аман зохиолд л байна гэлцдэг "Ертөнцийн гурав"-ыг санагдуулам шүлэг, дөрөвт, тавт, зургаат, долоот, наймт гэхчилэн бүүр арван дөрөвт шүлгийн бүтцийг санагдуулах шүлэг туурвижээ.
Сэдвийн хувьд эх орон, байгаль, эцэг, эх, элбэрэл журмын ёсон, улс төр-иргэний гэхчилэн олон өнгө аястай байгаа нь агуулга далайцтай, санах сэрэх юм ихтэй байгаа мэт.
Ер нь зохиолчийн эл түүврээс яруу найргийн энэ төрлийн онцлог болсон яруу найрагчийн сэтгэлийн шууд тусгал нь мэт илэрсэн утга уянгын баатрын дүр, яруу напрагчийн сэтгэлийн дотоод өчил хурц илэрсэн гэж болно. Жишээлбэл:
Эргэх хорвоо дөрвөн улиралтай
Эмзэг сэтгэл олон аястай
Сансар хорвоо сартай, нартай
Сэтгэлийн байгаль салхитай, хуртай хэмээн номынхоо тэргүүн бөлгийн "Сэтгэлийн байгаль" бүл шүлэгт өгүүлсэнчлэн дотоод сэтгэлийнхээ олон өнгө аясыг илэрхийлсэн нь хэнд ч гэсэн санууштай, сэрүүштэй.
1990-ээд оноос утга зохиолын судлагч шүүмжлэгчийн үг сонсогдохоо бараг больж, хааяахан сонсогдвол нялзрай шүлэгчдийг өргөмжилсөн, харь газрын өнгө аястай шүлгэнцэрт сөхрөн бөхийсөн аястай үг дуулдах болсон энэ үед ийм нэг монгол төрхөөрөө байгаа яруу найргийн уугуул шинжийн талаар ярилцвал тустай ч байж мэднэ. Нөгөө нэг анхаарууштай юм гэвэл утга зохиолын олон үеийнхний тухай хэний мөрөөр хэн явж, юу хэлж илэрхийлж байгааг гярхай харж ултай дүгнэлт өгөх хэрэгцээ шаардлага гарч байгаа ч байж мэднэ гэдэг нь Дарьзавын Борын шүлгүүдээс харагдаж байгаа болов уу хэмээн санана.
Их Нацагдоржийг ч, Явуухуланг ч үгүйсгэж байгаа омголон залууст бол өдрийн хэдээр нь бичиж болох мэт ч насаараа мөрөөдөөд ч бичихээргүй мөр, бадаг байгааг зүгээр орхиж боломгүй. Жишээлбэл:

Айлчин ирдэггүй айл
Оршуулгын газар адил
*** ***
Байлдааны талбарт баатар хэрэгтэй
Бусад цагт баатар аюултай
*** ***
Дууг дуурсгаж хүргэнэ
Дурлалыг дуугүй хүргэнэ
*** ***
Төрөх ганцхан замтай
Төгсөх түмэн замтай.. гэх юмуу.

Амьдрал хэмээх зоосны
Ар тал нь эмгэнэл
Урд тал нь инээдэм
*** ***
Үзэл буруудваас үйл хэрэг үрэгдэнэ
Үсэг буруудваас утга санаа үрэгдэнэ
Үнэн буруудваас итгэл найдвар үрэгдэнэ
Үхэл ирвээс, эзэн, ноён ч үрэгдэнэ
Юунд ч эргэлздэггүй бол маанаг байж мэднэ
Юм бүхэнд эргэлздэг бол мангар байж мэднэ
Юунаас ч айдаггүй бол зандалчин болж мэднэ
Юм бүхнээс айдаг бол боол болж мэднэ
Ийм мөр бадаг захаас аван буй. Энд гүн бодлоготны хэлэх цэц мэргэн хэллэг, дуугүй ухаарлын аяс байхгүй гэж үү?
Өнгөрснийг санана гэдэг эсвэл сануулна гэдэг тустай. Цагаа олсон бол бүүр ч хэрэгтэй. Гэхдээ энэ нь зүгээр нэг хэлснээс напрагчийн сэтгэлээр онож илэрхийлсэн бол сэтгэлд уусацтай байдаг бус уу. Яруу найрагчийн уйтай хорвоо гэж шүлэг эл түүвэрт оржээ. Энгийн л шүлэг шиг. Тэгтлээ өнгөрснийг эргэцүүлэх, явсан замаа хэнд ч хэлэлгүй өөрөө нэг эргэцүүлмээр болох үед уншмаар эсвэл санамаар.
Үрээ азрага шиг үедээ
Үргэж бусгаж л явлаа
Унаган бага насандаа
Уйлж, дуулж л явлаа...
Хөгшин азрага шиг насандаа
Хөөрч, гунихарч л явна
Гүүнд хайртай морь шиг
Гэлдэрч, шогшиж л явна
Өгсөх насанд өгөөмөр л хорвоо
Өтлөх цагт уйтай л хорвоо..
Хэлдэг үг. Олоон жилийн өмнө юмсан. Зохиолч Дэмбээгийн Мягмар бид хоёр ярилцаж суутал тэрээр хөөе, Дагвадоржоо гэснээ нэгийг бодох мэт хэсэг дуугүй болсноо:
-Юу л даа хө, ер нь уран бүтээлч хүнд ялангуяа өтлөөд ирэхээр гунигтай байдаг юм шигээ гэж хэлээд удаан дуугүй суусан юмдаг. Одоо бодоход яруу найрагчийн хорвоогийн тухай ухаарлын энэ өнгө аясыг л бодсон хэрэг байх. Тойрч л гардаггүйгээс хойш хэн хүн бодмоор оо.
Яруу найрагч хэдийгээр сургаал номлогч биш боловч бичсэн тэр мөр, бадгаас нь ухааруулах, сэхээрүүлэх өнгө аяс мэдрэгдэж байх учиртай хэмээн сананам. Энэ талаас нь үзвэл Дарьзавын Борын шүлгүүдэд уншигч таалах мөр буй хэмээн санана.
Нэгэнт номын шүүгч нь уншигч учраас урьдчилж олныг нурших нь илүүц юм. Шинэ номын хөтчийн үгээ үүгээр цэглэж шүүн бодох, эргэцүүлж санах, санал бодлоо илэрхийлэхийг мэргэн уншигч таны хувь болгон үлдээж Монголын алдартай яруу найрагч Очирбатын Дашбалбарын гүнээ хүндэлдэг авга ах Дарьзавын Борд бүтээл чинь арвин байхын өлзийг ерөөгөөд өмнөтгөлөө өндөрлөе.
Номын арвин цагаан буян дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж
2002-6-9

"ШИЛИЙН БОГД"-Д ӨРГӨХ ҮГ.
Миний бие Дарьзавын Борын "Шилийн Богд" шүлгийн номыг хэвлэлд очихын босгон дээр уншиж танилцав. Тэндээс
"Ааштай мал адлагдаж идшэнд явна
Азгүй хүн хэлмэгдэж хөрс бордоно-гэсэн хоёр мөртийг уншаад нэгэн цагт эртний мэргэдийн оройн чимэг болсон Эзоп "хамтран ажиллах хүнтэйгээ байнга яриа хөөрөөтэй байж эелдэг харьц. Нохой хүртэл сүүлээ шарваж байж хоолоо олж иддэг. Хэрвээ шүдээ ярзайлгавал хоншоор луугаа татуулна биз дээ"гэснийг санагалзав. Энэ утгаараа зан харьцаа бол урлаг юм. Мөн тэр номноос
Инээж байгаа хүүхэд шиг
Эрхэм баяр амьдралд үгүй
Уйлж суугаа үрс шиг
Уйтгар гуниг орчлонд үгүй гэснийг уншаад " Булшин дээрээ унагаах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамна! гэж Францын сэтгэгч Пьер Буяст хэлсэнтэй дүйцүүлэн бодлоо.
Д.Борын нилээд шүлгүүд нь нутаг ус, унаган байгальтайгаа холбоотойн учир Монгол сэтгэхүйн аж байдлыг тольдон тусгажээ. Үүнийг
Хар багын нутгаа
Харах гэж л очдог оо
Хорвоод ховорхон заяах
Хосгүй сайхан хээр ээ
Бууц буйр бүхнээсээ
Буурлуудаа олж үздзг ээ
Хаваржаа намаржаанаасаа харин
Хүүхэд насаа хардаг аа
-гэсэн шүлгээс нь улбаалан хэлж байгаа юм. Яруу найргийнхаа номыг эхийнхээ сүүтэй цуг амталсан монгол хүний сэтгэлээс л ийм шүлэг төрөх буйзаа. Авьяас бол змзэглэл гэж Д. Намдаг гуай нэгэнтээ хэлсэн. Тэгвэл эл номноос Д.Борын сэтгэлийн эмзэглэлийг олонтаа олж үзэв. Үүний жишээнд
Хар зах хөгжөөд л
Хүн нь хүнээ мөлжөөд л
Харгис хөрөнгөтний нийгмийн
Хатуу бэрхийг амсаж байна
Амь амиа бодоод л
Ард олноо золиод л
Ардчилсан шударга ёсноос
Аажим аажмаар холдож байна гэсэн мөрүүд. Мөн,
Охидыг буруу өсгөвөл
Ороолон болдог байна
Бүсгүйг дураар тавибал
Буг чөтгөр болдог байна
Эзэгнэж өмчлөхөөс өөр
Эрхэм хүсэлгүй болдог байна
гэснээс тольдож болно. Ардын дуунд гардаг
Хаднаас өндөр хайлаас байдаггүй
Ханилснаас илүү амраг байдаггүй
гэдэг шиг ханиа дээдэлж хайраа илэрхийлсэн шүлгүүд нь уянгын чавхдасыг дэлдэж байна.
Хангай дэлхийн хаана ч гэсэн
Халамж хишгээ хүртээж чаддаг
Хайрын булаг чиний минь хажууд
Харьцуулах дагина хэн юм бэ? гэсэн мөрөөс гадна
Ажил амьдралын замын уртад
Авъяаслаг хүүхнүүд олон байсан
Учран золгоод үүрд ханисах
Ухаалаг охин хань минь байсан
гэснийг уншихад нэгэн цагт Евгений Винокуров (0. Дашбалбар агсны багш)
... мөр нь займчин хөдлөж
миний хонгор юм угааж байна
нарийхан гараа дэлгэн
нойтон даавуу өлгөнө
савангийн өөдөс барьчихаад
санаандгүй түүнийгээ хайна
сонихон аятайхан эвхсэн үстэй
шилэн хүзүү нь хөөрхий
энэ дэлхийн хаана ч очлоо гэсэн
энэ л хөнгөн уйтгарт харц
энэ л туранхай гараас
илүү сайхныг олоогүй гэсэнтэй дүйцүүлмээр санагдана.
Энэ дашрамд дурсахад тэрбээр орос тосгоны амьдралыг галт тэрэгний цонхоор харж дүрсэлсэн нь өвөрмөц зураглал болжээ.
... хоёр гурван саалийн үнээ
хэдэн бухал хадсан өвс
хашгичиж цовхчсон цагаан тахиа
хааяа бас бор галуу
хадуур барьсан янхир өвгөн
хувин барьсан бүдүүн авгай
тэнд трактор давхиж харагдана
энд үхэр бэлчиж үзэгдэнэ
Олон жилийн өмнө
Оюутан ахуй цагтаа
Энэ л замаар довтолгож
Өмнөх байдлыг ажсан
Орос амьдрал хэвээр байна
Унаган төрх нь янзаар байна
Яс махны тариачин амьдрал
Ямар ч нийгэмд адил байна
гэсэн нь муухан зураачийн хийсвэр зурагнаас хол илүүтэй болжээ. Түүнд бас гүн ухааны аяс бүхий "таван мэдрэхүй", "хуурамч хорвоо", "амьдрал үргэлжилнэ" гэдэг шүлэг буй нь нэгэн цагт Равжаа орчлонг тунгааж,
Өгснийхээ сүүлээр заавал авагч
Өртөг талгүй ертөнц
Өндрийн эцэст магад нурах
Өнчрүүлэгч зант ертөнц гэсэнтэй номлолын агаар нэгэн ажээ.
Эртний мэргэн Эзоп "баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд.
Эд баялгийг үрэн таран хийх амархан
Эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болохгүй
гэж хэлснийг амьдрал дээр мөрдөж явдаг хүн бол чухамхүү Дарьзавын Бор гэлтэй. Тиймээс ч тэр бүтээл туурвилдаа энэ санааг олонтаа номлож
"эрдэмтэй хүн шүү гэх эрхэм үгийг
элэг нэгтэн маань мартаа юу даа? гэж шүүрс алджээ. Бор бас яруу найрагт өөрийгөө олж, еөрийн дуу хоолой, өөрийн аясыг илэрхийлэх эрмэлзэлтэй хүн. Тэгээд ч
Би-начин биш
Би-Нильс биш
Би-баатар биш
Би-бор давс

Би-бог өвс
Би- бод гөрөөс
гэсэн өвөрмөц сонин хэлбэр хийц шинэлэг агаад эрдэмтэй хүн л хэлж чадах шүлэг бичжээ. Идэр залуу насандаа гитар барин, миний нэгэн дууг (миний нутгийн бараа) дуулж байсан шигээ,
Уулын яргуйд жимсний амт цогцолход
Ууж согтоод алтан гургалдай дуугаа дуулнаа
Уяагүй хайр цээжинд багтахгүй алдархад
Ухаарч таниад хүний үр дуугаа дуулнаа
гэж яруухнаар аялгуулж байсан шигээ уянгын хөг дуурсац сэтгэлээ нийтгэн байж эл номоо бүтээжээ. "Шилийн Богд"-д сэтгэлийн өргөл болгож ийм үгсийг найргийн овооны нь чулуунд шигтгэв ээ.
Таалал орших болтугай!
Шаравын Сүрэнжав
(Ардын уран зохиолч, төрийн болон
Д. Намдагийн шагналт яруу найрагч)
2002-12-08-ны билэгт сайн өдөр

МЯЛААЛГА ҮГ
Яруу найргийн номынхоо оршилд
Ур уянга нь дутсан бол
Уучилж намайг өршөөгөөрэй
Утга санаа нь уймарсан бол
Уншаад галдаа өргөөрэй
гэж чин зүрхний үгээ бардам, ухаалаг хэлсэн нөхрийнхээ номыг уншин урамшиж сууна.
Бид хоёр цэцэг юм бол нэг л нарны элч, нэг л хурын дусал, нэг л газрын шимээр тэжээгдсэн юм байна. Хол хөндий байсан ч бие биендээ уярал, ухаарлын тоосоо хүртээж явжээ. Өнөөдөр би Дарьзавын Бор гэгч цэцгийн тоосыг зөгийгээр биш, салхиар ч биш яруу найргаар дамжуулан хүртэж сууна. Ингэж хэлдгийн учир нь бид хоёр малчин ардаас гаралтай, махарч шамдсан эрдэмтэй, мацаж гарсан оргилтой, мандаж явсан түүхтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэн цаг үеийн хоёр юм.
Сүүлийн үед эцэг эхээс заяасан биендээ гоо сайхны мэс засал хийлгэдэг болжээ. Тэгвэл яруу найраг гэдэг амьд цогцост мэс засал хийж болдоггүйг нөхрийнхээ номыг хэд дахин уншихдаа ойлголоо. "Алтан овоо мину" хэмээх энэ ном ёстой 10 сараа гүйцээсэн аавын хүү шиг санагдлаа.
Түүний эрүүл чийрэг бие бялдар, ухаан санаа “Бодрол"-ын есөн хэлхээ, "Мөрөөдөл"-ийн дөрвөн тэгшрэл, "Өөртөө хэлэх үг" хэмээх цуврал, "Өрөөлд хүргэх үг" цуврал, "Наадмаар төрсөн бодол", "Нутгаасаа олсон мөрүүд", "Аялгуу нэхсэн шүлэг", "Найман мөрт шүлэг" гэсэн бүлэг шүлэг болон олон сайхан уянгын цацлаас бүтсэн байх юм. Хөдөө төрж өссөн, малчин гарлын, хөдөө аж ахуйн эрдэмтэн хүний уярал, ухаарлыг энэ номыг уншсан хүн бүхэн мэдрэх, ойлгох болно гэдэгт баттай итгэж байна.
Аав, ээжийн ач буянаар
Азаар олдсон амь минь
Амьтны хорвоод зовж, жаргах
Алдхан биений амьдрал минь ... гэсэн гүн ухааны
Ахмадыг хүндлэн дээдэлж явлаа
Ухаантнаас сурч, гэгээрч явлаа
Ойж явлаа, бууж явлаа
Онож явлаа, алдаж явпаа... гэсэн уярап, ухаарлын,
Эргэх дөрвөн улиралд
Элдвийн юманд харшилна
Адаг сүүлд нь бүр
Өөрөө өөртөө харшилна
Алерги гэдэг өвчин чинь
Аюулын дохио биш үү
Амьдрах орчиндоо харшилсан хүнд
Аврал ер нь байна уу
гэсэн олон бадгийг бараг шүлэг бүхнээс ишилж болно. Нэгтгэн хэлэх юм бол шүлэг бүхэн нь хүнд чин сэтгэлээсээ хандсан эцэг хүний, багш хуний, эрдэмтэн хүний уярал, ухаарал байгаа юм биш үү. "Аялгуу нэхсэн шүлгүүд" нь "Энэ чинь ардын дуу юм уу" гэж андуурмаар сайхан болжээ. Ганцхан бадаг ишлэн авъя.
Уйдашгүй амраг чамайгаа би
Уйлахыг үзсэнд орбол доо
Уулгүй талдаа төөрөөд л
Уймарч явсан минь дээр үү дээ ... гэх юмуу
Дэрстэй юу, дэнжтэй юу
Тал л нутагтаа хөө
Дэгдэж л явдаг нь
Зээрийн хөөрхөн янзага уу даа
Дэгэнтэй юу догонтой юу
Дэлхий л ээждээ хөө
Дэрвэж л явдаг нь
Минийлээ хөөрхий үрүү дээ
гэсэн олон мөр, бадгийг ишлэн нуршиж болох байна.
Найзын минь номонд сэтгэлийн гүнлүүгээ харууслын нулимсаа татан мэгшин уйлсан нэгэн шүлэг бий. "Үгүйлж п, санаж л явъя даа" гэсэн нэртэй шүлгээ Д.Бор маань Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарынхаа гэгээн дурсгалд зориулжээ. Бүр тодруулбал дүүдээ зориулсан байна.
Одтой, цогтой явсныг тань
Одод эрхэс мэднэ дээ
Онгодтой, хуртай найрагчийг тань
Олон бүгдээрээ л мэднэ дээ
Алдар, гавъяа хоёрыг тань
Онголж л дархалж л явъя даа
Ончтой мэргэн үгийг тань
Үгүйлж л, санаж л явъя даа
Энэ ялдамд хэлэхэд О.Дашбалбар маань надаас олон дүү боловч намайг яруу найргийн тавцанд үзэгдэх төдий биш, үзэгдэхүйц хэмжээнд гаргаж ирсэн ачтан юм шүү дээ. Чамайгаа ахын тань хамт Үгүйлж л, санаж л явъя даа.
Д.Борын номынхоо оршилд бичсэн шүлгийг мялаалга үгийнхээ эхэнд иш татсан билээ. Номыг уншиж дууссаны дараа тэр оршил бадаг миний сэтгэлд өөрөөр буулаа.
Ур, уянга нь дутсангүй ээ
Уяран хайлан дуулаарай
Утга санаа нь уймарсангүй ээ
Ухаарч, сэнхэрч уншаарай.
П.САНДУЙЖАВ. /Монгол улсын Соёлын
гавъяат зүтгэлтэн, яруу найрагч,
сэтгүүлч/


ЕСӨН МӨРТ ШҮЛГЭЭ
НАЙРАГЧ АНДДАА БАРЬЯ
Урлагийн тэнгэрт
Өргөсөн цацал
Уянга найрагт
Өрнөсөн халил
Борын шүлэг
Бодлын бороо
Ухаарлын урсгал
Болгоож дарсан
Борхон дарс

Эгэлхэн үгс
Олдомгүи санаа
Урмын увдис
Утгын чимэг
Учир таниулсан
Үнэний өчил
Хөнгөн гуниг
Хөг нэмбэл
Зүрхний эгшиглэн

Цаглашгүи мөрөөдөл
Сарнишгүй итгэл
Мохошгүи зориг
Дарагдашгүй омог оо!
ШУ-ны доктор, профессор Хавхчин Чинбатын Санчир
2003-08-12


СЭТГЭЛИЙН ХАЛИЛ
Хилийн харуулын алтан багана
Шилийн Богдын оргилуур билээ, чи
Талын агуйн тансаг эрдэнэ
Түмэн цацлын тасархай билээ, чи
"Дарь"-иар давтуулж, “Ганга"-аар хатаагдсан
Дайчин омгийн сэлэм билээ, чи
Дархан хилийн торгон цэрэг
"Тоорой" Бандийн удам билээ", чи
Оюутан насандаа өрнийн соёлд шимтсэн
Идэр насандаа дорнын ухаанд донтсон
Хойно ч, урд ч Монголоо л магтан дуулсан
Хаана ч, хэзээ ч үнэний л эрэлд хатсан
Хэлэх гэснээ хатуу хэлж
Хулчгаруудын зүрхэнд цус хуруулдаг
Хийх гэснээ хэрхсэн ч хийж
Хэрэг ашгийг нь мэдрүүлж чаддаг
Хүнс нэмэх бүтээлээрээ чи эрдэмтэн
Хөгжил нэмэх хичээлээрээ чи багш
Уянгат цээл хоолойгоороо чи дуучин
Утга төгс шүлгээрээ чи найрагч аа
Сансар хорвоогийн сар, нарыг биширсэн
Сарнайт дэлхийн салхи, хурыг хүссэн
Эрэлхэг Монголынхоо өвөөр бахархсан
Эзэн Чингисийнхээ ухаанаар хөглөгдсөн


Таана ханхалж, тарвага хошгирсон
Тэнүүн талын товцог билээ, чи
Туурай нь тачигнаж дэл нь намирсан
Түүчээ ажнайн төвөргөен билээ чи
Цагаан шөнө Невийн эрэгт
Цугтаа зугаалсан хоёр оюутан
Халхын гол, хамар даваанд
Хал үзсэн хоёр ажилтан
Хөдөө, хот хаана ч гэсэн
Хүсэл тэмүүлэл нэг л байсан
Хүрээлэн, сургууль хэзээ ч гэсэн
Хувь зураг нэг л байсан

Аргамаг мэт авъяас тань
Ариун байг, анд минь!
Айраг мэт найраг тань
Арвин байг, эрхэм минь!
Ухаарал, үнэний дуу тань
Уянгалаг байг, найз минь!
Улс Монголынхоо төлөө бол
Уралцаж л бай, нөхөр минь!


Оюутан наснаас өтөлтлөө үерхсэн доктор П. Баатарбилэг
2004-03-27 Зайсан




ХЭРСҮҮ ХҮН
Хаврын гурван сарын
Хавсарга сөрж гардаг
Гундуу гурван сарын
Ганга сөрж зогсдог
Намрын гурван сарын
Нар, салхинд онгодог
Наиз Борыгоо бодохоор
Найраг бичмээр болдог
Цахиур чулуу шиг
Цангаж, ангаж хатаагдсан
Бог өвс шиг
Борлож, шарлаж болсон
Хөдөө хээрээс ирсэн
Хархүү чамайг хармагц
Хичээл зүтгэлийг тань хүндлэн
Хэрсүү хүн гэж боддог
Халхголын хар хөрснөөс
Хүнс хураасан тариачин чи
Гуулингийн талд усалгаа хийж
Горим боловсруулсан эрдэмтэн чи
Оюутан залууст ном зааж
Онцгой буян хийсэн чи
Онгон тахийн бэлчээр судалж
Үнэтэй бүтээл гаргасан чи


"Монгол фермер" сургуулийг анх
Маргаангүй чи үүсгэн байгуулсан
Мандан хөгжих мөр замыг нь
Маш тодорхой залж заасан
"Цэцжин" төвийнхөө цогцолборыг ч бас
Цэгцэлж босгож чадсан чи
Ухаарал үнэний, ном бичиж
Өргөн түмэндээ барьсан чи
Малчин ардаас гаралтай
Манийгаа гэсэн сэтгэлтэй
Шударга шулуун зантай
Цэвэр цагаан замтай
Авъяас, эрдэм хосолсон
Оюун, ухаан цэгцэрсэн
Хүндэт нөхөр Борыг би
Хэрсүү хүн гэж хэлнэ
Доктор, дэд профессор Бэсүд Лхамын Лувсан
2004-02-01

ХЭЦҮҮ ХҮН
Уртын дууны аялгуунд уярсан
Униарт талын малчин хүү
Үрээ морио эмээллэж унаад
Үлгэрийн цэнхэр уулсыг зорьжээ
Аавынхаа бийд эрдэм сурах гэж
Агтныхаа бийд газар үзэх гэж
Холын ухаан, эрийн зориг гаргаж
Хойд хөршийнхөө хилийг давжээ
Санкт-Петербургийн өргөн чөлөөнд
Саруул талаа санан алхахдаа
Бага залуугийн дэврүүн зангаар
Балтын тэнгист булхах гэжээ
Алтан овоо нь араас нь түшиж
Алдаж эндэхээс авраа л бизээ
Шилийн Богд нь цуг тулж
Шимтэх эрдэмд сургаа л бизээ
Өрнийн соёл руу өнгийхдөө
Өөрийн Монгол ухаанаа гээгээгүй
Далайн чанадад дасан суухдаа
Дорнын соёлоо дутуу үнэлээгүй
Авах, гээхийн ухаан сууж
Амьдрал, тэмцлийн учрыг ухаж
Өөрийн гэсэн үзэл бодолтой
Өвөрмөц нэгэн сэхээтэн болжээ

Шударга үнэнийг эрхэмлэн дагаж
Шулуухан эрсхэн цагаан хэлж
Борчуудын төлөө тэмцэгч түүнийг
Боорлох ноход бишгүй байжээ
Гэвч гөлгүүдийг чулуугаар шидээгүй
Гэгээрэл ухаарлын шүлэг хэлжээ
Тэнэгүүдийг тоож тэрсэлдэж маргаагүй
Тэнгэрлэг үнэний ном бүтээжээ
Хэрсүү үзэлтэй хэцүу Бор гэж
Хэлэх хүн байдаг л байх аа!
Хэлэхээ ч хэлж, хийхээ ч хийдэг
Хэрэгтэй нэгэн сэхээтэн юм шүү!
Нүгэлтэй, буянтай хүний нийгэмд
Нугарч бөхийгөөгүй тэмцэгч юм шүү!
Сургаал, бясалгалын яруу найргииг
Сурталчилж бичдэг нь Бор юм шүү!
Халхын голын халуун, хүйтэнд хат суусан хамт олны нэг доктор С.Дугаржав
2004-01-11







АРВИН ҮЙЛС, АРИУН АЛДАР
Аюулт дайны сорви нь арилаагүй
Аглаг зэлүүд Халхын голд
Атрыг эзэмших анхны дуудлагаар
Эхэлж очсон баатруудаа, бид
Анхны арван гурвын араас
Ажил, амьдралын гараагаа эхэлсэн
Алдар түүхт хамар давааны
Авхаалжит залуус та бид ээ
Хорьдугаар зууны жараад оны
Хориод настаи хийморлог залууст
Хийж сураагүй ажил байхгүй
Хүртэж судлаагүй салбар байхгүй
Дорнод хилийн дархан манаанд
Дайчдын хамт бид зогссон
Домогт нутгийн атрын хөрсөнд
Долгилох тариаг бид ургуулсан
Махны үүлдрийн мухар үхэр
Манай үеийнхний малын бахархал
Нутагшсан сортын үнэт таримал
Нээрэн бидний намтрын бахархал
Насаа дагаж намба суусан ч
Нэхэн дурсах арвин үйлстэй
Жамаа дагаж зүс гундсан ч
Зүтгэлээрээ бахархах ариун алдартай
А. Раднаабазар
2004-03-22

ҮЕИЙН НӨХӨР БОР ОО ГЭЖ
Домог түүх өндөлзсөн
Дорнын тал нутгаасаа
Хангайн сэрүүн "Оргил"-д ирж
Хайрын дуунд чинь уярнам
Ялдам бүсгүйн мишээл шиг
Яруухан гитарын эгшигтээ
Халуун зүрхний уухай шиг
Хангинах дууны аялгуундаа
Багын анд Бор минь
Сэтгэлээрээ чи хайлан байна
Бадагхан шүлгийн мөрөө
Итгэлээрээ би сийлэн байна
Эрднийн зургаан утсан дээрээ
Эршүүдхэн хурууд чинь тэлмэхэд
Яруусан уянгалах дуу чинь
Ядуухан шүлэгчийн зүрхэнд хүрнэм
Дуучин чамайг дуундаа согтоход
Дагаад би уяран догдолж
Гайхал, баясал зэрэг үерлэн
Гангын долгис мяралзах шигээ
Сэлүүн талын цэцэгхэн чи
Сэтгэлийн утсан дээр үелзэхдээ
Халиглах уянгын мөрөн болж
Хангай, Говийг сүлэлдүүлжээ
Багын найз яруу найрагч
Ишийн Батсүх
1979-01-13 Оргил рашаан

НАЙРГИЙН ОВООНД ТАНЬ ЧУЛУУ НЭМЭРЛЭЕ
Монголчууд уул, усаа хайрлан шүтдэг, уулсынхаа өндөрт давааныхаа оройд овоо босгодог уламжлалтай ард түмэн. Давааны өндөр дээр гарсан хүн мориноосоо бууж овоонд чулуу нэмэрлэдэг учиртай. Овоон дээрээс ойр орчмын, алс холын бүхий л зүйлийг харж, салхи амталж, аян замдаа өлзийтэй сайн явах, ажил үйлс өндөр байхыг билэгдэж сэржим өргөж, ерөөл тавьдаг учир бий. Овооны их нь таньд, олзны их нь надад гэдэг билэгдэлийн үг буй. Дарьзавын Борын яруу найргийн овоонд чулуу нэмэрлэх хувь тохиож, олз омог ихтэй байгаадаа баяртаи байна. Ачит аавдаа зориулж "Алтан овоо мину" элбэрэлт эхийнхээ дурсгалд зориулж "Шилийн богд" найргийн овоо босогосон Д. Бор багш минь ачлалт амраг, энэрэлт хань Цэцгээдээ зориулж “Ганга нуур" хэмээх найргиин овоо босгож буйгаа хэлэхэд нь чулуу нэмэхгүй байж яахан чадах билээ. Найргийн овоонд нэмэрлэсэн миний чулуу жижигхэн санагдаж мэднэ, гэхдээ сэтгэлээсээ өргөн буйг минь хүлээн авна уу?
Найргийн овооны эзэн Анагаах ухааны доктор, профессор Цэцэгээ таньдаа:
Алтан циркийн манежинд
Авьяасаа үзүүлсэн, уран нугараач та
Анагаах ухааны салбарт
Алдраа мөнхөлсөн эрдэмтэн та
Аав ээж хоёртоо энхрий охин нь та
Алаг хоёр үрдээ элбэрэлт ээж та
Амраг Бордоо эрх дагина та
Анагаахын шавь нартаа хүндэт багш та
Ард олондоо ачлалт эмч та
Анд найз нартаа эгэлгүй нөхөр та
Амраг ханьдаа авьяасыг нь хурцалсан билүү та
Анагаах ухаандаа ид шидийг үзүүлсэн эрдэмтэн та
Ийм л хэдэн мөртөөр найргийн овоонд тань гурван чулуу өргөж, гурвантаа тойрч мөргөе. Миний хувьд "Алтан овоо мину" "Шилийн богд” найргийн овоо босгосон Д. Бортой эртний танил, багын найз нөхөд бус ч сүүлиин 10-д жилд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль гэдэг их айлд нэгэн тогооноос хамт хоол идэж, эрдмийн тэнхимд мөр зэрэгцэн ажиллаж, эвийн болоод эрдмийн олон нөхдөөсөө илүү ойртон дотно нехөрлөсөн гэхэд болно. Д.Бор мэргэжил нэгт нөхдийн хувьд миний докторын бүтээлийг шүүн тунгааж, ариусгасан эрдмийн багш минь билээ. Усжуулалтын инженер мэргэжилтэй би бээр мэргэжил нэгт нөхөр гэж дотночилж хэлдгийн учир нь усалгаатай газар тариалангийн чиглэлээр судалгаа хийж, олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө эрдмийн зэрэг, цол хүртсэн гарын арван хуруунд багтах цөөн хэдэн эрдэмтдийн анхдагчдын нэг нь эрдэмтэн Д .Бор.
Эрдэмтэн яруу найрагч, Д.Борын найргийн овоон дээр гарахад Алтан овоо зэргэлээ дундаас өндөлзөх шиг болж, 1999 оны их тахилгаар миний чулуу нэмэрлэж орхисон баруун урд талын жижигхэн овоо харагдах шиг болж, Шилийн богд уулан дээрээс Зотол хайрхан, Мөнххаан уулсын барааг, хилийн чанадыг харж элдвийг эргэцүүлэн салхи сөрж зогссон мөч минь өөрийн эрхгүй сэтгэлд ургадаг юм.
Дарьганга миний ханийн хүй цөглөсөн нутаг болоод ч тэр үү дэндүү дотно байдаг юм.
Д.Бор багштай би нутгархаж сүйд болдоггүи ч ааш араншин үзэл бодол ойролцоо ч юм уу их л дотно нөхөрлөж гэр орноороо орж гардаг найз нөхөд болсон юм. Тиймээс ч Д. Бор багшийн найргийн номын анхны дээжээс нь ерөөлийн үгтэй, гарын үсэгтэй хувийг анхлан хүртэж байдагтаа олзуурхан баярлаж явдаг юм. Найргийн гурав дахь түүврээ “Ганга нуур" гэж нэр хайрлаж ачлалт амраг, энэрэлт хань Цэцэгээдээ зориулан өргөж буйн утга тодорхой. Ганга нуур бол Дарьгангийн ард түмэнд заяагдсан сувд эрдэнэ.
Тэнгэр ширтэн мэлмэрсэн хөх усан сувд эрдэнэ, баян бүрдийн нэг Молцогийн элсэнд хөлөө дүрж сэрүүцсэн энэ нуурын баруун хөвөөнд бургасны төгөл хайлаас шуугин шумбах нь найргийн их чуулган гэлтэй. Торгон цэнхэр мандалд нь үүл хөвж, хун явгалж ганганасан Ганга нуур домог хайлан мяралзана. Домог ийнхүү өгүүлнэ. Эрт урьд цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн хүн Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнээ элсний хаяанд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж Ганга нуур үүссэн гэх бөлгөө. Эрхэм багш таны найргийн хур энэ л булаг шиг оргилж, цэнхэр ганга шиг цэлэлзэж байхын ерөөлийг дэвшүүлье!
Номын буян арвижих болтугай!
Доктор, дэд профессор Д. Чандмань

ЧИН ШУДАРГА ҮЗЭЛ САНАА ЧАНАГШ ГЭРЭЛТЭЖ БАЙНА
Найрагч нөхөр Д. Борынхоо "Алтан овоо", "Шилийн богд", Ганга нуур" хэмээх гурамсан шүлгийн түүвэрийг уншиж өөрийн бодол санааг илэрхийлж баина.
Уран чамин үгийг урд хойноос нь холбосон олон яруу найрагчдын агсан морьд шиг дүүхэлзэхийг бишгүй их үзсэн би. Уг нь уран хэллэг гүн ухаан хоёр хослон байж л хүний сэтгэл зүрхэнд хүрдэг билээ. Хангай тэнгэр бүрсгэр хамгийн амьдрал саарал байхад ямар шүлэгчийн ухаанаас ямагт магтаал урсаж байдгыг би гадарлана .Харин Бор бол юунд сэтгэл зовж хэний төлөө амьдарч байдгаа борхон үгүүдээс бүтсэн гүн ухааны шүлгүүдээрээ өнөөгиин өвөрмөц сэхээтнии дүрийг мөнхлөж мөрийг үлдээж яваа нэгэн билээ. Эцэг эхийн өвөр, эхнэр хүүхдийнхээ хүрээнээс хальсан их тэмүүлэл эрэмгии зоригт чинь эгэл түмнээ л гэсэн чин шудрага үзэл санаа чанагш гэрэлтэж байна.
Биологийн ухааны доктор Л. Дашзэвэг
2004-04-24

ХАМТДАА ХАТ СУУН ГЭГЭЭРЭГТҮН!
Оюуны ертөнцөд цэц мэргэний шүлгэн бэрх орхигч Д.Бор Таны цэцэн цэлмэг шүлгийн мөрүүд хийморлог ажгуу. Амьдрахуйн үйлийн үр мөрлөгч түүхий махан төмрийг сэтгэлийнхээ гал халуун дөлөнд гурвантаа улайсган шатааж, үнэн худлын хүйтэн урсгалд гурвантаа дүрэн хат суулган дэнсэлж, нүүдэлчдийн соёл иргэншлийн домогт алтан өлгий Дарьгангад шигтгэн барьж буй энэхүү ном итгэл татан, сэтгэл уураглан түгэх буй заа.
Дуртай нь дуулаг
Дургүй нь уйлаг
Бялдууч нь бяцраг
Бяртай нь ухаараг
Хамтдаа хат суун гэгээрэгтүн!
НСИА-ийн номч мэргэн академич Б.Бат-Очир.
2004.05.10.
БАРАХГҮЙ
Дарьзавын Борыг
Дарж бид барахгүй
Халиуны зулзагыг
Хавчиж бид барахгүй
Борыг басаж болохгүй
Баллаж бас барахгүй
Дашбалбарын дараах найрагч
Дарьзавын Бор мөнөөс мөн
МУ-ын төрийн шагналт, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Н. Эрдэнэцогт

АВЬЯАС БИЛИГ НЬ ОРГИЛЖ АЖИЛ ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЭГ!
Дарьзавын Борыг би хөдөө аж ахуйн ухааны эрдэмтэн, эрдэм судалгааны ажил удирддаг багш зохион байгуулагч хүн гэж мэддэг. Миний гарын шавь Ж.Цэцэгээгийн ажил үйпсэд нь тусалж эмнэлэг барихад нь барилгачин, манаач, инженер, даамалын үүрэг гүйцэтгэн хар бор санхүү даргын бүх ажпыг нь хийсэн сайн нөхөр нь гэж мэднэ.
Харин үгийн сувдан эрх хэлхдэг шүлэг найрагчийн авьяастайг нь шүлгийн гурван ном туурвиснаар нь хожуу мэдлээ. Би еөрөө утга зохиолын боловсролгүй болохоор гагцхүү уншин бишрэгчийн сэтгэгдлээ илэрхийлэх чамлалтай нэгэн боловч нэг хүн барахгүй түмэн ажлын зэрэгцээ эх орон ард түмэндээ дуу хоолой, санал бодлоо урнаар илэрхийпэх чадвар авьяас нь оргилсон хүнд урам хайрлая, уран бүтээлийг чинь уншдаг баярладаг хүн олон бий шүү гэх гэсэн юмаа. Дарьзавийн Бор төрсөн нутаг, эх орныхоо гоо сайхан, хөдөлмөрч түмэн, малчин ардынхаа сэтгэл зүрхний ариун үйлсийг магтан төрөө дээдэлж, улсаа хөгжүүлэхэд уриалан дуудаж шүлэглэдэг.
... Амьд явахад та надад оршимуй
Алга болоход бие минь таньд оршим уу
гэсэн нь үнэндээ л эх оронч сэтгэлийн ойлголт мөн дөө. Дарьзавын Борынхоо авьяас чадварыг улам их оргилог, ажил үйлс нь арвижин дэлгэртүгэй гэж яруу найргийнх нь овоонд чулуу өргөлөө.
Ардан эмч Академич Б. Гоош
2004-9-12




БИ БАХАРХАНА
Алдарт Петерын хотод
Андууд болсон өөшгөө минь
Дөчин жил нөхөрлөн
Дөрөө харшуулсан анд минь
“Алтан овоо”, "Шилийн богд",
"Ариун ганга"-д чинь уярлаа
Ухаарал, үнэнд умбан
Урам зориг орлоо
Бор хэн бэ? гэж
Бодлого болох хэрэггүй
"Би" гэдэг шүлэг нь
Бэлхнээ хэлээд өгнө
Эх орон гэсэн зүрх
Итгэл, үнэн гэсэн тархи
Номхон Дарьзавын Бороор би
Найрагч гэж бахархана
Доктор, профессор Зээрднуүд овгийн Содномдаржаагийн Жигжидсүрэн
2004-9-19


НОМ МЯЛААХ ҮГ
Номыг туурвигч, шүлэгч, яруу найрагч Дарьзавын Борын үндсэн мэргэжил агрономч шүү дээ. Гэтэл өнөөдөр мэргэжлийн яруу найрагчийн зиндаанд хүрч, найргийн дэвжээнд зайгаа эзэлсэн нь баярлууштай.
Онц сэтгэн бодож
Олж зөв харж
Онож мэргэн хэлж
Орчуулгагүй хүмүүст ойлгуулах нь ганцхан Бор шүлэгчид заяасан гэлтэй. Өөрийн бичсэн шүлэг найргийнхаа ааг амтыг нь гүйцээн исгэж, нүүр бардам хүнд уншуулахаар өгч баигаа нь тэр хүний төлөвшсөн, боловсорсон, мэргэшсэн зохиолч гэдгийг харуулж буй хэрэг.
Эрдэмтэн хос морьтон маань
Ээлжит шүлгийнхээ цоморлогийг
Ээжийн оронд нь ээж болж
Эвийлэн хайрлаж Бортой учирсан
Миний шавь доктор Цэцэгээд
Мэндийн хадаг болгон өргөсөн нь
Олон эрчүүдэд үлгэр болж
Орчлонд ханиа мөнхжүүлэх учиртайг өгүүлжээ.
Дарьзавын Бор хуурч, дуучин, агрономч-эрдэмтэн, шүлэгч найрагч гээд ховор ховор мэргэжлийг хос хосоор нь эзэмшсэн хосгүй авьяастан гэдэг нь тэрлэсэн номноос нь харагдаж байна. Өнөөдрийн нийгмийн байдал, амьдралын төрх, өдөр дутмын ээдрээг энгийн ойлгомжтой, сургамжтайгаар бичсэн нь онцлогтой.
Шилийн богд, Ганга нуур, Дарьгангийн хошуугаа магтан дуулсан нь миний нутгийн Сутай хайрхан, Цэцэг нуур, Манугүнийн хошууг санагдуулан адилхан харагдуулсан нь нутгийнхаа шүтээн уул, ус, хушуугаараа төлөөлүүлэн эх орноо магтан дуулсан шүлэгч болохоо харуулж, найргийн ертөнцөд мөрөө тодоос тод үлдээжээ.
Хүний өөрийн яруу бодлын эгшиглэн, сэтгэмж ухаарал, бодол нь ертөнцийг үзэх үзэл тэр хүний түмэнд өөрийгөө харуулагч толь нь байх ёстои. Дарьзавийн Бор найрагчийн шүлэг бүрээс эх оронч үзэл, гүн ухааны сэтгэмжийн оч гялалзаж буй нь яруу найргийн олон ном туурьвих гольдоргондоо орсоны гэрчээ.
Бяд суусан хурдан хүлэг, бяр суусан хүчит аварга шиг яруу найргийн тэнгэрт өндөрөөс өндөрт тоос нь гарсан Дарьзавийн Бор минь толгойныхоо буурал суусан үснийхээ тоогоор яруу найргаа туурвиж, уншигч түмнийхээ өмнө дахин дахин дуулгаарай. Түгээх номын мөр чинь өөдрөг байхыг ерөөе.
Ардын эмч, академич Доктор.профессор Н. Баасанжав


НАЙМАН САРЫН НАРЛАГ ӨДРҮҮД

"Цэцжин” эмнэлгийн хаалгаар орж, Цэцэгээ эмчид шинжилгээ өгч баталгаажуулсан өдөр.
Маргааш нь: миний хань цөсний чулуугаа авахуулах мэс засал хийлгэсэн өдөр.
Маргааш нь: Дарьганга нутгийн Дарьзавийн Бор хэмээх яралзсан цагаан шүдтэй, давхраатай алаг нүднээс нь гал бадарсан, хурц яруу үг яриатай, үнэнийг олж хардаг гэмээр сэргэлэн бор хүнтэй танилцсан анхны өдөр. Би, урьд өдөр нь мэс засал амжилттай болсонд сэтгэл ихэд хөдлөн өөрийн "Амьдрал тэмцэл" номынхоо эхний хуудсанд:
Цэцжин эмнэлэг цэцэглэх болтугай
Цэцэгээ эмч мөнхрөх болтугай гэж бичээд дурсгал болгон өгснийг минь Дарьзавын Бор уншчихаад бид хоёрт сэтгэгдлээ хэлэх гэж ирсэн тэр үед танилцаж байгаа нь тэр. Манайхыг бүрэн мэддэг болчихож. Бид хоёрт "Шилийн богд" хэмээх яруу найргийн номоо бэлэглэв. Уншлаа, уярлаа, бахархлаа, баярлалаа, ухаан тэллээ, танилцлаа. Бидний танилцсан түүх ердөө л энэ. Надад итгэжээ. “Ганга нуур" хэмээх номынхоо эхийг авчирч өгөөд “Та хэл бичгийн багш хүн байна, монгол хэлний талаас нь ихэд анхаарч үзээд, дээр нь засвар шууд хийгээрэй" гэв. Багш бид зөв бичиг найруулгын алдаа хайсаар байгаад насыг элээж байгаа хойно уншлаа.
Үгийн хүдрийг үнэхээр малтаж чадсан, үнэн үгийг аргагүй л хэлж орхисон, монгол ардын аман зохиолын үнэр ханхалсан, уран яруу, ухаалаг, сэтгэл уярам, онч мэргэн ихэд өвөрмөц бичлэгтэй, ямарч насны хүнд ухаарал бясалгал, эргэцүүлэл сургаал болсон нас тогтож ухаан тэгширсэн эрдэмт хүний сургаалийн дээж болжээ гэж бодогдов. Миний уншихыг сонссон эхнэр минь сэтгэл уярч, тэр тэр шүлгийг би цээжилнэ гэж дуу алдаж байлаа. Энэ гаихамшигт зохиолчийг өдии болтол танихгүй, зохиол бүтээлийг нь уншиж амжаагүй явсан даа ичих шиг.
Яах аргагүй онож хэлсэн яруу найргийн бүтээл уншихдаа миний сэтгэл ихэд хөдөлж, дахин дахин уншиж эргэцүүлдэг. Ямар сайндаа Т.Галсан гавьяатын "Өгсүүр замын дуу" Төрийн шагналт Р. Чойномын "сүмтэй будрын чулуу" номуудыг 70,80-аад оны үед унтдаг орныхоо дэрний доор хийчихээд шөнө хүртэл гэрэл асаан босож уншаад авгайнхаа гайхширлыг төрүүлж байснаа санаж байна. Тэгвэл эмнэлэгт эхнэрээ сахиж байх 2 өдөр номыг нүд салгалгүй уншиж, бишрэн гайхав. Учир юу гэвэл, монголоороо л явья гэсэн монгол хүн-монголч эрдэмтэн, яруу найрагчийг биширнэм.
Монгол улсын гавьяат багш
Харанууд Далхсүрэнгийн Төмөр
2004-08-08
БОР БИД ХОЁР ЭРТНИЙ ТАНИЛ

Хорин есөн жилийн тэртээ Алтай нутгийн намар Монгол телевизийн сурвалжлах хэсэг Гуулингийн талд тэжээлийн ургамлын усалгаатай тариалан эрхлэх ажлыг туршиж байсан Эрдэм шинжилгээний залуу ажилтан Борын тухай теле хөрөг бэлтгэхээр очиж байсан юм. Зураглаачаар «Дарьсүрэнгийн Нямсүрэн гэгч уран бүтээлч очиж билээ. Тэгж л бид Дарьзавийн Бортой танилцаж миний бие телевизийн хөрөг хийхийн зэрэгцээ нэгэнт хол газар очсоных- зурагт тусгаагүй зарим зүйлээ сонинд нийтлэхээр шийдэж "Гуулинд очсон залуу" гэсэн найруулал яаруу сандруухан тэрлэж “Залуучуудын үнэн" сонинд өгч билээ.
Гэтэл эргээд харахад хүний амьдрал яасан урт бөгөөд гайхамшигтай юм бэ гэж бодогдоно. Залуу танилаа гитартай сайхан дуулдгийг нь бодож "Дуучин болооч, радиогийн алтан санд дуугаа бичүүлээч" гэж шаарддаг байсан. Бараг л чихдэх нь холгүй байж, хоёр дууг нь радиод бичүүлсэн. Тэр дуунуудыг нь сонсогчид “Хүсэлтийн хариу" нэвтрүүлгээр захиалж сонсдог байсан. Үүнд нь Бор нэг их урамшаа ч үгүй, бүтээл туурвилын замаа сонгосон. Энэ чинь юуны буруу байхав! Эрдэмтэн болсон. Бас ч урлаг соёлоо хаяагүй, яруу найргийн ариухан тэнгэрт хүчээ сорьж явна.

..Тэртээд униартах номин хөндийн эхэн дэх
Тоонотой гэрийн нь алтан багана болох юмсан
Түмэнтэй нийцэх өрх гэрийн чинь дотор
Тоотой насны чинь амраг хань нь болох юмсан
гэж гэгэлзүүлэнхэн дуулж байсан мөрөөдөл нь нэгэнт биелчихээд
* * *
Эрхэс оддын гялбаан дор
Эрдэнэ чамайгаа хайрлая
Энэрэлт ариун үйлсийг тань
Итгэл өвөрлөж ивээе би гэж зон олны эрүүл энхийн төлөө хүчин зүтгэж яваа цагаан өмсгөлт "дагина" ханьдаа зориулан шүлэг бичжээ. Эрдмийн замын эхэн болсон Гуулингаа ч бас мартаагүй.
* * *
Зүүд нойрны манаа
Зүрх сэтгэлийн уяа
Энэхэн насны бахархал
Ижилгүй ганцхан Гуулин
гэсэн дууны үг бичжээ. Энэ дуугаа гитартайгаа дуулж байгаа бизээ.
Энэ хугацаанд Бор маань их ч өсч хөгжсөн байна. Бичиж байсан хүнээ сайн сайхан явахад сэтгүүлч баярладаг билээ
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэ
Д. Амбасэлмаа

МИНИЙ ДАРГА-ЯРУУ НАЙРАГЧ
Миний дарга хэн нэгэн бус яруу найрагч байжээ. Дарьзавын Борын анхны бүтээл "Алтан овоо мину" номыг эхлэн унших төдийд дээр үед өөрийнхөө бичсэн
Эр бор харцага
Эр бор чулуу
Эр бор эрчүүл
Энэ говийн минь амьдрал"
гэсэн мөрийг өөрийн эрхгүй санаж билээ.. Д. Бор бид хоёр нэгэн үед дарга цэрэг явсан. Тэрбээр МХЗЭ-иин төв хорооны нарийн бичгийн дарга, би бээр тус хорооны сонин сэтгүүлййн ажилтан, жирийн сэтгүүлч байв. Эдүгээ бодохул дарга, цэргийн ялгаа зааггүй, голдуу амьдралын зөрчил, түүн дотроос хүнд суртал, шударга биш явдлын тухай чимээгуйхэн хүүрнэдэг байснаас бус шүлэг зохиол мэтиин талаар ярилцдаггүй байж.
Гэхдээ миний хувьд "дарга бол дарга шүү дээ" хэмээн хүндэтгэдэг, ялангуяа ухаантай хүний гол чанар болсон оюунлаг чанар, сэтгэлгээний онцлог, бусдаас илт ялгарах талыг нь биширдэг асан. Одоо санаваас өвгөн зохиолч миний хувьд дарга маань ямар нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн бус зүрхэнд хүрсэн үнэн үг, гарцаагүй автан биширмээр ухааны шим, урын авьяас чадал л болчихсон бололтой.
Чин үнэнийг хэлэхэд би даргад биш ухааны даргад захирагдах насандаа нэгэнт хурчээ. Дарьзавын Борын шүлгүүдэд хэлбэрийн хойноос хөөцөлдсөн хиймэл маяглал, хоосон цэцэрхэл, хэн хүний ой тойнд тогтохын аргагүй санаа зүйрлэл, гялтганасан хуурамч өнгө аяс ер үгүй, жигтэйхэн энгийн яах аргагүй чин сэтгэлээсээ амьдран буй орчин, нийгэмдээ хэлэх ёстой үгээ шулуун, шударга хэлсэн дүр зураг харагддаг. Үнэнийг түс тас өгүүлэх цаг үе нэгэнт ирсэн баймаар.
Үнэнийг яруу найргаас л мэдрэх хэрэгтэй бус уу. Говийн ноён хутагт шиг үнэн үгээр, нийгэмдээ тийм тэрслүу гэж болохоор, аймшиггүй дайчин эрийн дүрээр Бор өөрөө сэтгэлд буугаад байдаг. Ийм дүрийг би хүндэтгэдэг юм л даа. "Эр бор чулуу" шиг л байх сандаа.
Дууны шүлэг "Новш болсон орчин үед Борын шүлгүүдийг унших төдийд ая дуурсаад ирэх увидастай юм билээ, гэж хөгжмийн авьяаслаг зохиолч Дашням ярьж байсан. "Үнэн сайн бүтээл дэлгэртүгэй" гэж ерөөе ээ.
Д. Нацагдоржийн шагналт зохиолч Самбуугийн Надмид



ӨЛЗИЙТ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ
Нутгийн ах эрдэмтэн яруу найрагч Д.Бортой саяхнаас дотносон танилцаж байгаа боловч миний хувьд эртний танил маань юм. Учир нь 80-аад оны залуучууд бид
...Намба төрх чинь нуурын хун шиг тайван
Нандин үг чинь хуурын эгшиг шиг уяхан гээд уянгалаг намуухан дууг хүсэлтийн хариугаар хааяа нэвтрүүлэхэд сонсон хөгжим дагаад аялж дуулдаг байсан сан. Хожим нь би эмч болоод ажил амьдралынхаа гарааг зүүн монголын их тал Дарьганга нутаг Алтан овооныхоо бэлээс эхэлсэн нь завшаантай санагддаг юм. Сүхбаатар аймагт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа эвлэлийн 18-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон сууж байхад хуучнаар МХЗЭ-ийн ТХ-ны II нарийн бичгийн дарга Бор гэдэг сэргэлэн байрын идэр эр хурлыг удирдалцаж байсан нь мөнөөх араажаваар дуулдаг дуучин маань байсан бөгөөд одоо ч тэр үеийн дүр зургаараа сэтгэлд тод үлджээ.
Сүүлд мэдэхнээ нөгөөх дуртай дууны маань эзэн, хурал даргалж байсан хүн маань миний анд яруу найрагч Дашбалбар агсны авга ах, садан ах дүү шиг ойр дотно явсан төрийн шагналт, Д.Цэвэгжав гуайн маань төрсөн дүү, намайг эмчээ хэмээн хундэтгэн биеэ ойр ойрхон үзүүлж эмчлүүлж байсан Дарьзав гуайн хүү байсан юмсанж. Ингээд олныг эс нуршин “Ганга нуур" хэмээх номыг уншаад сайхан сэтгэгдэлтэй үлдсэнээ өчье. Манай Дарьгангаас авьяаслаг яруу найрагч, эрдэмтэн чадвартнууд олноор төрөн гардаг нь учиртай байх.
Зүүн монголын авьяаслаг яруу найрагч Д. Гомбожав, О. Дашбалбар, Т.Мэндооёо, И. Батсүх, Д. Нямсүрэн миний сайн танил сайн нөхөд явсан гэхэд дэгсдэхгүй боловч Д. Гомбожав, О. Дашбалбар, Т. Мэндооёо, И. Батсүх, Д.Нямсүрэн нарынхаа тухай жижигхэн хөрөг бичиж "сэтгэл гэгээрээсэй" номондоо" эвлүүлсэн юм. Миний бие авьяас билигт яруу найрагчидтай нөхөрлөж, тэдний ойлголын хур асгарсан шүлэг дуунд уярч, согтож явах завшаантай явснаас шүлэг тэрлэн шүүмж бичих авьяас чадвар заяасангүй нь ээ. Харин “Ганга нуур" номыг уншаад аргагүй л манай Дарьганга хийцийн ур ухаан ааг, амт мэдрэгдэх шиг болоход энэ хүн шүлэг уран бүтээлээ эртхэн хэвлүүлж байхгүй хаагуур нь явж байсан юм болоо гэж бодон суув. Гэхдээ одоо ч гэсэн оройтох нь юу билээ. Нээрэн л өерийн нь бичсэнээр
"Яруу найргийн номун далайд
Ямар нэгэн хувь нэмэрлэнэ
Манлай түрүүч морьдын хойноос
Магнай түргэн хүлгээрээ нэхнэ"
Утга уянгын уран шадад
Ухаарал үнэний үрийг цацна
Цаг хугацааны орон зайд
Цахилах морьдын барааг харна" хэмээн итгэлтэй өгүүлжээ. Зарим шүлгүүд нь шуудхан улаан нүүрэн дээр нь нударгалаж буусан нь бий.
"...Эр хүйстнээ ажилгүй архичид болгодог
Эмс хүүхнүүдээ харийн харчуулд зуучилдаг
Өсвөр үеээ өөр улсад илгээдэг
Өндөр настнаа өөлж, хажиглан хаядаг
Харж хамгаалах эзэнгүй хүн сүрэг юм уу
Харийн эздэд сөгдсөн харц боол юм уу"
хэмээн агсамдуухан айлджээ. Үүний яг эсрэг гэгээлэг гэрэлтэй, зөөлөн аястай, ухаарал хайрласан шад шүлгүүд олонтаа тааралдан байгаа. Мөн Равжаа хутагт айлдаж буй мэт сургаалийн шүлэг цөөнгүй. Бас өнөөгийн нийгмийн бусармаг амьдрал, оюуны хоосрол, тархины тураалын тухай сэтгэл эмзэглэм шаналж явдгаа уран эвлэг илэрхийлэн гаргажээ.
Түүний номыг уншиж байхад "Дарьганга эрийн давтагдашгүй дүр төрх нь ондоо" юм билээ. Соён гэгээрүүлэгч билгүүн номч Л. Түдэв гуай Д. Борын тухай "Залуу насны дайчин армийн минь гялалзсан хурандаа айраг мэтээр найраг мэтгэжээ" хэмээн том үнэлгээ хайрласан нь бахдууштай. Ингээд дан магтаал өргөмжлөл урсгах нь хүний толгой эргэмээр ер сайнгүй учир номонд ганц нэгээхэн эргэж хармаар зүйл анзаарагдсаныг дурдмаар санагдав.
Алтан шаахай өмсөвч
Алцан маажиг арилахгүй
Арьсан гуталтай алхав ч
Ариун хөлийг гутаахгүй гэсэнд үгийн сонголт, зүрлэлд анхаарвал
ямар вэ? ганц ч шүлгийн мөр холбон үзээгүй хирнээ яруу найрагч, эрдэмт ахын номонд бөх зүрх гарган илүу үг нуршсанд хүлцэл өчье.
Бид хоёр саяхан уулзаж өөрсдийн бичсэн номоо солилцсон билээ. Тэрээр надад чиний бичсэн "Сэтгэл гэгээрээсэй" ном аятайхан санагдав.
"Илжиг нь эзнээ унана ", "Сонин сэтгэлгээ" зэрэг хэллэгийг чи анх бичиж нийтэллээ хэмээн урмын үг хэлж билээ. Эцэст нь тэмдэглэхэд “Ганга нуур" номыг анх унших аз тохиож, сайхан сэтгэгдэл төрж үлдэв. Эрдэмтэн яруу найрагч эрхэм хүн танаас үргэлж түмэн олныхоо сэтгэлийг гэгээрүүлж удаан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Анагаах ухааны доктор М. Шагдарсүрэн
2004-10-01

НӨХӨРИЙН ТУХАЙ НЭМЭРЛЭХ ҮГ
Эрс шулуун зантай, ил цагаан үгтэй хүн олж ир гэвэл би Дарьзавын Борыг аваачна. Эзэн тэнгэр лав таална. Тэр бид хоёр 1970-аад оноос, тодруулбал Монголын залуучуудын төв байгууллагад хамт ажиллаж танилцсан юм. Нутаг ус нэг чигтэй болоод ч тэр үү, санаа бодол ойр дотно байснаас ч тэр үү төдөлгүй бид ойртон нөхөрлөж намхан бор толгод шиг бие биенээ бараадан түшиж нөхөрлөж өдийг хүрлээ.
Тэрээр эвлэлд гэнэтхэн ирсэн шигээ, гэнэтхэн яваад өгчихсөний учрыг тэрхэн үедээ би ойлгоогүй өнгөрсөн юм. Хожим сонсохноо Засгийн ордонд хийсэн ярианаас нь болсон байж болох талтай.
МХЗЭ-ийн төв хорооны II нарийн бичгийн дарга Д. Бор намын төв хороо, засгийн газрын ажилтнуудад яриа хийж л дээ. Тэр үед яам газруудын сайд дарга нараас үе үе ээлжээр мэдээлэл хийдэг журам тогтосны дагуу Борд ээлж ирсэн хэрэг. Цагаа тулахаар энэ ч бас амаргүй ажил л даа. Бор ярьдагаа ярьж, хэлдэгээ ч хэлж эцэст нь асуулт цөөнгүй гарч. Гэтэл хэн нэг нь мэдээлэл хийсэн даргыг шахаанд оруулж, гадаадад сурч буй монгол оюутнуудтай ХЗЭ туйлын хангалтгүй ажиллаж байгаагаагаас зарим нь сургууль соёлоо орхих, хэрэг төвөгт холбогдох, хөөгдөж туугдах явдал их байна. Үүнд ямар дүгнэлт хийж байна?" гэхчилэн өөчлөн гоочилжээ.
Бор хариуд нь: Тийм ч юм байгаа. Тэхдээ энэ бол нийтлэг дутагдал биш. Хөөгдөж туугдагсдын дотор ажилчин малчны хүүхэд нэгээхэн ч байхгүй. Харин ар өврийн хаалгаар явуулсан Та нарын хүүхэд л тийм юм хийж яваа шүү! гээд хэлээд тавьчихаж. Үг үнэн хэдий ч өс болж хувирдаг тийм цаг үе байдаг. Түүний хаялага дээхнээс Борд ирсэнээс тэр гэнэтхэн эвлэлээс явсан хэрэг юм уу даа. За тэр ч яахав.
Бор ер нь сонин хүн. Сонин хүн гэдэг нь сонирхолтой хүн гэсэн санаа л даа. Бор сайхан дуулна. Гитар сайн-тоглоно. Спортын аль ч төрлөөр хүнд мөчөөгөө өгөхгүй. Борын чадах юмыг тоочсонд орвол чадахгүй юмыг тоолсон нь дээр гэж би боддог юм. Цагаан морин жилийн хэрэг явдлаас хойш шүлэг бичих авьяас нь тодорсон гэвэл алдаа болохгүй.
Түүний дурсгасан шүлгийн хоёр ч ном надад бий. Одоо гуравдахыг нь бариад явж байна. Тэр шүлгээ унших хорхойтой, би шүлэг сонсох хорхойтой, хоёр бас таардаг юмаа. Уншаад л өнгөрөхөд сэтгэлд тороод үлддэг шүлгийн мөрүүд бас байдаг. Би шинжээч, судлаач, шүүмжлэгч хүн биш боловч сонирхогчийн хувьд онц таалсан түүний зарим шад мөрүүдээс энд дурдая.
Өөрийгөө үзэх үзэл маань хамгаалал
Өрөөлийг үзэх үзэл маань хүндлэл
Юмсийг үзэх үзэл маань үнэн
Ертөнцииг үзэх үзэл маань итгэл
Би танаас бүх л юмаараа ондоо
Бие сэтгэл, буй бүхнээрээ ондоо
Өнөө ч би төрсөн төрхөөрөө ондоо
Өнөд ч би үлдээх өвөөрөө ондоо гэх юм уу, эсвэл
Би Өнгөрсен, одоо, ирээдүй
Гурван цагийн хэлхээс
Би Дээд, доод, дунд
Гурван тивийн гийчин гэх зэргээр өөрийгөө содон илэрхийлж,
* * *
Өдөр, шөнө хоёр уралдана
Үүр цайхад өдөр өнгөлөх мэт
Үнэн худал хоёр өрсөлдөнө
Үйл бүтэхэд үнэн оройлох мэт ...цаашлаад
Тэгээн гуниг" шүлэгтээ:
Шар өдрийн наран дор
Цувсан бүгд худал мэт
Шагайс хийгээд харахнаа
Цөм л нэг хуурмаг мэт
Бор хоногийн саран дор
Болзсон бүгд худал мэт
Болгоос хийгээд бодохноо
Буцах л ганц үнэн мэт ... хоёр мөрт шүлгүүдээс нь
Бурхад буян, ном зөөнө
Бялдуучид бэлэг хов зөөнө
гэхчилэнгээр амьдралыг үзэх үзэл бодлоо товхийтэл нээсэн мөрүүд байх юм. Хөрсөнд байцааны үр суулгасан бол байцаа л гарч ирнэ шүү дээ. Борын шүлгүүдээс Бор л тодорч ургах юм. Бор бол давтагдашгүй, бас сонирхолтой хүн. Үүний төлөө би нөхрөөрөө бахархана. Чамд амжилт хүсэж, өөрийн чинь “Тэмүүлэл" шүлгийн шадаар өөрт чинь!
"Цэнхэр тэнгэр шигээ цэлмэг бай
Цэцэгт тал шигээ цэлгэр бай
Ус мөрөн шигээ цэнгэг бай
Уулс, оргил шигээ сүрлэг бай" гэсэн ерөөл өргөе!'
Ардын боловсролын тэргүүний ажилтан,
анд нөхөр Лувсангийн Жамбалсанжид
2004-11-29





ХЭЛБЭР АГУУЛГА НЬ ОЮУНЛАГ, ХИЙЦ МАЯГ НЬ ДОРНОЛОГ.
МЧЗЭ-ийн шагналт, яруу найрагч Дарьзавын Борын бойтог мэт борви шиг богинохон шүлэг, найргийн мөр бадгаас нь ч хүний амьдралыг хөтлөн урагшлуулагч том гүн ухаан ямагт анзаарагдана. Түүний шүлгүүд уралдаанд сойсон морь шиг тэнгэрлэг, түүний сэтгэл зүрх, гүн ухааны сэрмүүн сэтгэлгээ нь соёолон хүлгийн хийморь мэт дагшин тунгалаг, залуу зандан билээ. Түүний торгомсог гүн сэтгэлгээтэй, шинжлэх ухаанлаг агуулгатай, Дарьгангалаг уран нарийн шаглаас, мэтгээ, хээ хуартай олон зуун шүлгүүдийг сонсож, өөр хоорондоо хэлэлцэж, бас бахархаж явсан минь дэндүү олон агаад миний амьдралын аз жаргалтай агшин болж үлдсэн минь цөөнгүй, Бор багшийг, түүний шүлгийг би мэдэхгүй бол өөр хэн мэдэхсэн билээ гэж хаяа надад бодогдож явдаг юм. Уран бутээлийн онгод нь оргилчихсон, авьяас билиг нь халгиж, цалгичихсан, дэвтэр дүүрэн шинэ шүлгүүдээ ганзагалачихсан, адуун цагаан шүдээ яралзуулан инээмсэглэсээр "Үгүй. Со өөрт чинь хэдэн шүлгээ уншиж сонсгохоор Санзайн амнаас ирлээ. Шүлэг унших хүн олдохгүй юм. Цаг зав байна уу" гэсээр л идэр залуу хүлэг мэт хурдалсаар орж ирдэг. Бүр сүүлдээ Бор багшгүйгээр сарыг өнгөрөөх надад амаргүй болдог боллоо. Би түүнтэй ямагт хамт байдаг. Хэрэв бид ойрмогхон дотно уулзаж, бүтээлээ харилцан бие биесдээ сонордуулахгүй бол би түүний номуудыг эргүүлэн ноолж, сэтгэлд дотно шүлгүүдээс нь уншиж, урам, таашаал авдаг билээ. Ямар ч ажилтай байсан ч би түүнд зав гаргах дуртай. Амьд сэрүүнд нь уран бүтээл нь хамгийн их тоогдож, судлагдсан ховор хувь тавилантай зохиолч бол миний бодлоор төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа юм даа гэж би бодож явдаг юм. Гэтэл яруу найрагч Дарьзавын Борын шүлэг, уран бүтээлийн талаар сэтгэлийн үгээ хэлсэн, түүний бүтээлд бие даасан шүүмж бичсэн, ном судрынх нь өмнө хойно босго, мялаалгын үг хайрласан уран үгийн инжаан нар аргагүй олон байгаа нь түүний шүлэг, найраг өвөрмөц онцлогтой, давтагдашгүй санаа сэдэлтэй, жинтэй гүн ухаанлаг, ур хийц нь чамбай донжлог болохоор эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, энгийн уншигчийн зурх сэтгэлийг эзэмдэн татдаг увидастайнх биз ээ. Эрдэмтэн Борын энгийн биш бүтээлүүдийг хэн сонирхон авч үзэж, урам хайрласан юм бол гэж эрхэм уншигч авхай та бодож байна уу? Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Л.Тудэв, ардын уран зохиолч, төрийн болон Д.Намдагийн шагналтяруу найрагч Ш.Сүрэнжав, ардын эмч, академич Б.Гоош, Н.Баасанжав, төрийн шагналт, СГЗ П.Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав, Ч.Дагвадорж, Д.Амбасэлмаа, зохиолч, сэтгүүлч С.Надмид, Л Жамбалсанжид, доктор профессор Я.Баатар, В.Алзахгүй, Д.Чандмань, Л.Дашзэвэг, Н.Эрдэнэцогт, Б.Бат-Очир, С.Жигжидсүрэн, Ч.Пунцаг, гавьяат багш Д.Төмөр, М.Шагдарсүрэн нар түүний уран бүтээлийг алдаа онооны алтан дэнсэн дээр тавьж, шүүж нэг тунгааж нэг үзжээ. Хэрэв яруу найрагч Д.Бор "Хуруу хүрэхгүй могойн зулзага" байсан бол "Хурмастын луу" эдгээр том хүмүүс түүний уран бүтээлийг юунд тоож шиншлэхсэн билээ. Түүний туурвисан "Алтан овоо мину", /2000/, "Шилийн Богд" /2002/, “Гангын цагаан нуур" /2005/, "Товч толь" /2008/хэмээхдөрвөн дөнгүүр бүтээл миний өмнө дэлгээстэй байна. Эрдзмтэн Д.Бор уран зохиолын алтан босгоор их л хожуу орж ирсэн юм. 2000 оноос жаахан өмнөхөн бил үү дээ. Хоёр шалтгаан байсан. Нэгд: Тэрбээр МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар болон Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг дандаа том алба хашиж явсан тул завгүй дээр урлаг уран зохиолын ажлыг хөнгөн шингэн хэмээн үздэг байсан нийгмийн үзэл суртлаас үүдэлтэй. Хоёрт: Түүний Бүл дүү, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсаны зөвлөмжтэй холбоотой юм. Тэрбээр утга зохиолд оройхон орж ирсэн нь үнэн боловч тун чиг ширүүхэн довтолгож, арав хүрэхгүй он жилд яруу найргийн дөрвөн сайхан ном бүтээсэн. Тэглээ гээд шүлэг, яруу найраг нь ядуу юм уу тахир дутуу болсонгүй. Энэ талаар ардын уран зохиолч Л.Түдэв: "Дааганы ч биш хязаалангийн ч биш соёолон морьдын төвөргөөнг Дарьзавын Борын найраг шүлгээс сонслоо би. Хэдхэн жилийн тэртээ найргийн анхны номноос нь шаагитал иссэн айргийн амтыг мэдэрч, "үнэрийг нь аваад согтоод байна даа хө" гэсэн дууны үг чихнээ уянгалахыг сонсох шиг болсон тул "айраг мэт найраг мэтгэжээ" гэж томьёолон бичсэн минь талаар болсонгүй. Борын саяхан сойсон шүлгийн морины шүдийг үзвээс соёолон морины эвшээхүйд яралзан харагддаг дун цагаан эрдэнийн лавайг санагдуулвай. Соёолонгийн шүдтэй ч юм уу төвөргөөнтэй ч юм уу зүйрлэхээс өөр адилтгал надад олдсонгүй гэж уулга алджээ. Мөн л ардын уран зохиолч Ш.Сүрэнжав: "Д.Борын нэлээд шүлгүүд нь нутаг ус, унаган байгальтайгаа хобоотойн учир Монгол сэтгэхүйн аж байдлыг тольдон тусгажээ.
...Хар багын нутгаа
Харах л гэж очдог оо
Хорвоод ховор заяах
Хосгүй сайхан хээр ээ
Бууц буйр бүхнээсээ
Буурлуудаа олж үздэг ээ
Хаваржаа намаржаанаасаа харин
Хүүхэд насаа хардаг аа гэж Д.Бор бичжээ. Яруу найргийнхаа номыг эхийнхээ сүүтэй цуг амталсан монгол хүний сэтгэлээс л ийм сайхан шүлэг төрөх буйзаа.
..Эд баялгийг үрэн таран хийх амархан.
Эрдэм ухаан хэзээ ч үрэгдэж алга болохгүй ...гэж эртний нэгэн мэргэн хэлснийг амьдрал дээр мөрдөж явдаг хүн бол чухамхүү Дарьжавын Бор гэлтэй. Тиймээс ч тэр бүтээл туурвилдаа энэ санааг олонтаа номлож:
Эрдэмтэй хүн шүү гэх эрхэм үгийг
Элэг нэгтэн минь мартаа юу даа гэж шүүрс алджээ. Тиймээ. Эрдэмтэй чиг, элдэвтэй чиг яруу найрагч Дарьзавын Бор бол өөрөө сэлэм жад мэт хурц сэтгэдэг, дандаа галын дөл шиг өөдөө, дээшээ асаж явдаг араншинтай нэгэн. Тиймээс ч түүний шүлэг найраг бол түүний орчлон, бас Бор өөрөө юм. Түүний шүлгэнд байхгүй юм үгүй. Бодрол, бясалгал, хурц гүн ухаан, гуниг бухимдал, баяр хөөр, омогшил омойтол, торгон мэдрэмж, алжаал ядрал, хүсэл шунал, атаархал хорсол, үзэн ядалт цөм бүрэн ажаамуу. Хамгийн гол нь бүх бүтээл нь гүн ухаанлаг, ур хийц нь Дарьгангалаг байдаг нь түүний туурвил бүр дээр дарсан хасбуу тамга болой.
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч
Ч.Содномдорж
/МОНЦАМЭ МЭДЭЭ 2009.05.15/

ДӨРӨВХӨН МӨРТ ГЭЖ ДУТУУДААГҮЙ АЖ
Д. Борын “товч толь” номын богино шүлгүүд журамт явдлыг магтаал үгсээр, зусар зальхайг дайрал үгсээр ялгаруулсан бичлэгтэй байв. Гэхдээ дөрөвхөн мөрт гэж дутуудаагүй ажээ.
/МЗЭ-ийн шагналт шүүмжлэгч/
Профессор Д.Хүү
2009 он